Эрүүгийн шинэ хуулийг 7 сарын 1-нээс мөрдөнө

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Өмнөх хуульд нийт 80 гаруй зүйл, заалтаар хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулах зохицуулалттай байсан бол шинэ хуулиар энэ тоог 30 хүртэл бууруулав.

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Ажлын хэсгээс нэр томъёоны талаарх редакцийн саналыг төсөлд тусган, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасан аж. Түүнчлэн холбогдох хуулийн дагуу чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлээр төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулж, төслийн зарим зүйл заалт хоорондоо, эсхүл мөрдөж буй бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн эсэх, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хураан шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн саналын томъёоллуудыг бэлтгэжээ.

2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 80 гаруй зүйл, заалтаар хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулах зохицуулалттай байгаа бол өнөөдөр баталсан хуулиар энэ тоог бууруулж 30 орчим зүйл, заалтын хүрээнд хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулахаар өөрчилсөн юм.
Гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодруулсны дараа Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээс санал хураалт явуулан шийдвэрлэв. Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжсэнээр баталлаа. Эрүүгийн шинэ хуулийг энэ оны 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөх ажээ.

Н.Гантуяа

+ There are no comments

Add yours