Доён Болдод холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Доён хочоороо алдаршсан У.Болдод холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч өмгөөлөгч нь ар гэрийн гачигдалтай байгаа гэдэг шалтгаанаар мөн хойшилсон байна. Дашрамд дурдахад, Доён Болдын өмгөөлөгч Мунзуй Нямдоржийг бас өмгөөлж, өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд оролцох байсан юм.

Шүүгдэгч У.Болд буюу доён хочит Болд нь өнгөрсөн 2016 оны зургадугаар сарын 17-ны 20.50 цагийн орчим  нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт орших Туул голын эрэг буюу тус дүүргийн 13 дугаар хорооны нутагт архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмйн хэв журмыг зөрчин иргэн Т.Өлзийжаргалын хамтаар танхайран 10 гаруй удаа буудаж, тэр орчмын оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргээр саатуулагдан шалгагдаж байгаа.

Улсын яллагчаас шүүгдэгч У.Болд, Т.Өлзийжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 заалтаар журамлан яллах дүгнэлт үйлдээд буй. Тус заалтад энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байна. Шүүгдэгчид уг хэргийг үйлдэхдээ галт зэвсэг буюу зөвшөөрөлгүй гар буу ашиглаж, танхайрсан нь тогтоогдсон байдаг билээ.

Сэтгүүлч С.Баяр

 

+ There are no comments

Add yours