Хэлмэгдэгсдийг цагаатгах, асуудлаар УИХ-ын даргад хандлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч, уулзаж ярилцав.

Улсын комисс, Төрийн бус байгууллагын төлөөлөгч ахмадууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулж, нөхөх олговрыг хойшлуулалгүй олгох асуудлыг УИХ-ын даргад хандан тавилаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хууль 1998 онд батлагдаж, цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг 3 удаа, нэхэмжлэл гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацааг 4 удаа сунгажээ. Хуулийн үйлчлэх хугацаа 2011 оны 12 дугаар сард дууссан бөгөөд хууль хүчин төгөлдөр болсноос хойш цагаатгагдсан хүмүүсийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар зохицуулжээ.

Өнгөрсөн 18 жилийн хугацаанд 31.000 гаруй хүн цагаатгагдаж, хэлмэгдэгчдийн эхнэр (нөхөр), үр хүүхэд, эцэг эх, төрсөн ах, эгч, дүү, ач зээ болох 18178 иргэнд мөнгөн нөхөх олговор, 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгосон тухай УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав танилцууллаа.

Г.Намуун

 

 

+ There are no comments

Add yours