Царцаасан хууль, бохирдсон голууд

Царцаасан хууль, бохирдсон голууд

Найман аймгийн 40 сумын хүн, мал ундаалдаг Орхон гол өнгөрсөн зун алтны компаниудаас болж яаж улаанаараа эргэлдэж байлаа. “Нэн даруй арга хэмжээ аваач” гэж олон нийт төрийн байгууллагуудын дарга нарт хандан удаа дараа шаардлага тавьсны эцэст холбогдох газрынхан арга буюу арга хэмжээ авсан. Албаны хүмүүс нөхцөл байдлыг хэд хэдэн удаа очиж шалгасан, тэнд үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдэд олборлолтоо зогсоож, байгальд орчинд хо­хирол учруулахгүй байх үүрэг өгсөн. Гэсэн ч бохирдуулагч аж ахуйн нэгжүүд нохой хуцаж байгаа чинээ тоогоогүй. Шалгахаар очиход нь олборлолт явуулж байсан төхөө­рөмжүүдээ далд хийчихээд, явахаар нь ажиллуулдаг гэж тухайн үед газар дээр нь ажилласан мэргэжилтнүүд хэлж байлаа.

Хариуцлагагүй, хэнэггүй аж ахуйн нэг­жид хариуцлага тооцож, төлбөр авдаг болохын тулд 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуультай болсон. Гэсэн ч уг хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дагалдах журмуудыг гаргаагүйгээс тав дахь жилдээ энэ хуулийг царцааж буй. Төлбөрийн хэмжээг тогтоох, түүнийгээ хэрхэн авах зэрэг баримт бичгүүдийг нь баталчихсан бол хуулийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байж л дээ. БОАЖЯ-ны холбогдох мэргэжилтнүүд уг нь тэдгээр журмыг боловсруулж, батлуу­лахын тулд гурван удаа Засгийн газарт хүргүүлсэн ч тухай бүрт нь буцаажээ. Аж ахуйн нэгжүүдийн нуруун дээрх ачааг нэмэхгүй гэж л удаа дараа хойшлуулсан юм байх.

Туул голын сав газар ма­най улсын хүн амын талаас илүүг нь ундаалдаг. Цэнгэг усны индикатор болдог тул загас цагийн сайханд хатан Туулд элбэг байсан гэдэг. Гэтэл бохирдлоос нь үүдэн өдгөө харагдахаа больсон, бараг дайжсан байх гэж эрдэмтэд таамаглаж буй. Голын усны чанарыг үнэлсэн, сүүлийн 10 жилийн судал­гааны дүнг харахад 2007 онд Уу булан орчимд л маш цэвэр байна гэсэн хамгийн дээд үнэлгээ ганцхан удаа үзэгдэв. Түүнээс хойш бохирдлын хэмжээ тогтмол өсөж ирсэн бөгөөд өдгөө голын эх орчим л цэвэр гэсэн үнэлгээнд арай ядан хүрч байгаа юм. Доод Сонгино, Шувуун фабрик, Хадан хясаа, Алтан­ булагаар урсах хэсэг бол сүүлийн 10 жилийн турш маш их бохирдолтой гэсэн тодотгол зүүж явна. Гэтэл ийм байдалд хүргэсэн хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцлоо гэж лав дуулдаагүй. Энэ мэт увайгүй үйлдэл эцсийн дүн­дээ эзэн холбогдогчгүй болж, хэл үг хийдэггүйгээрээ байгаль орчин бохирдоод үлддэг жишиг тогтсон.

Уг асуудлыг шийдэхийн тулд таван жил сөхөлгүй царцаасан хуулийг хэрэгжүүлж, ус бохир­ дуулсны төлбөр авдаг болоход БОАЖЯ-ныхан анхаарч эхэлсэн байна. Ингэхдээ 2012 онд баталсан хуулийг эргэн харж, нэмэлт, өөрч­лөлт оруулах шаардлагатай гэж үзэн, төслийг нь боловсруулчихаад буй. Энэ талаар тус яамны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэ­ булган “2016 оны наймдугаар сараас хойш Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг дагалдуулан гарах журмыг батлуулахад онцгой анхаарч ажиллаж байна. Мэргэжилтнүүдийг оролцуулж, хэд хэдэн удаа уул­залт, зөвлөгөөн зохион байгууллаа.

Тэдгээрийн үр дүнд юуны түрүүнд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүр­сэн. Ингээд БОАЖ-ын сайдын зөвлөл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хуралдан, ажлын хэсэг бай­гуулаад Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулсан. Са­налаа УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны арваннэгдүгээр сарын 8-ны хурал­даанд оруулан хэлэлцүүлэхэд ги­шүүд дэмжсэн. УИХ-ын энэ хав­рын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй. Төсөл бэлэн бол­чихсон, одоо холбогдох тооцоо су­далгаа хийж байгаа” гэлээ.

Тэрбээр Ус бохирдуулсны төл­бөрийн тухай хуулийг дагаад Усны, Зөрчлийн, Ашигт малтмалын, Эрүү­гийн гэсэн дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тул­гарч буйг онцолсон. Учир нь ус бохирдуулагчид эрүүгийн хариуц­лага хүлээлгэх хууль журам манайд байдаггүй. Аль нэг голыг улаанаар нь эргүүлж, эсвэл ширгээчихсэн этгээд байгальд орчинд учруулсан хохирлыг нөхөн тооцох аргачлалын дагуу сайндаа л хэдхэн төгрөгөөр торгуулаад бултчихаж болно гэсэн үг. Тиймээс асуудлыг ул суурьтай нягталж, цогцоор нь шийдэхэд голч­лон анхаарч байгаагаа дуулгалаа.

Улаанбаатар хотын Төв цэвэр­лэх байгууламж хоногт 170.000 шоо метр бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай, түүнийгээ Туул голд нийлүүлдэг. Бохир ус илгээж буй аж ахуйн нэгжүүдийг арьс ширний, ноос, ноолуурын, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд тэргүүлдэг буюу гол эх үүсвэр болдог. Уг нь тэдгээр үйлдвэр байгаль орчныг бохирдуулж, хохирол учруулж буйнхаа төлөө хариуцлага хүлээх ёстой. Гэтэл ус ашигласныхаа төлбөрийг л хагас дутуу төлөхөөс өөр гавьяа байгуулсангүй. Ус бохир­дуулсны төлбөр авах эрх зүйн зохи­цуулалт бүрдээгүй гэдэг шалтгааны ард тэд “нуугдсаар” байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Төв цэвэр­лэх байгууламжид ирэх бохир усны хэмжээ нэмэгдэх болсон төдийгүй агуулагдах бохирдол нь хүлцэх хэмжээнээс 2-5 дахин их болжээ. Усны тухай хуульд үндэслэн батал­сан Хүрээлэн буй орчин, байгальд нийлүүлэх, Ариутгах татуургын сүл­жээнд нийлүүлэх хаягдал усны гэ­сэн хоёр стандарт манай улсад бий. БОАЖЯ-наас баталж, аль хэдийнэ мөрдөж эхэлсэн тэдгээр стандартад байгаль болон ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх бохир усанд агуулагдах бодисуудын хүлцэх хэмжээг заасан байдаг. Үүнээс гад­на арьс ширний үйлдвэрүүдийн хаяг­дал усны стандарт бий ч шинэчлэн сайжруулах шаардлага тулгарчээ. Эдгээрт үндэслэн ус бохирдуулсны төлбөрийг тооцож авах учиртай тул илүү боловсронгуй болгохоор төлөв­лөсөн байна.

Аливаа улс орон шинэ төр­лийн татвар нэмэхдээ аажмаар, ал­гуурхан, бага багаар авч эхэлдэг жишиг олон улсад бий. Зарим оронд ус бохирдуулагч бодисууд дундаас хамгийн аюултай байж болох нэгийг сонгон авч, тухайн бодисын найрлага бүхий бохир ус гаргасан аж ахуйн нэгжүүдэд татвар ногдуулдаг байна. Аажимдаа бохирдуулагч бодисын тоог нэмж, татвартай болгох замаар хуулиа үе шаттай чангаруулдаг. Ма­най улс ч уг жишгийг дагаж, хуульд заасан төлбөрийн хэмжээг эхний ээл­жинд 50 хувь бууруулж авах санал боловсруулжээ. Төлбөр авч эхлэх нь байгаль орчноо хамгаалах бод­лого мөн боловч нөгөө талаар аж ахуйн нэгжүүдэд дааж давшгүй ачаа үүрүүлэхгүйн тулд ийм арга хэмжээ авах гэнэ.

Татварын ерөнхий хуулийн долдугаар зүйлд ус бохирдуулсны төлбөрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх, улсын татварт хамааруулна гэх зүйл заалт бий. Бохир ус гаргаж буй бүх иргэн, хуулийн этгээд төлөх ёс­тойг илэрхийлж буй хэрэг. Гэхдээ эхний удаа иргэнээс төлбөр авахыг түр хойш тавьжээ. Харин аж ахуйн нэгжүүдийг бол алаг үзэлгүй, бүг­дийг нь хамруулах юм билээ. Зөв­хөн мөнгө авахыг чухалчлах бус, түүгээр дамжуулан байгаль орчны бохирдлыг бууруулах нь гол зорилго аж. Үүний тулд төлбөрөөс хөнгөлөх заалтуудыг ч хуулийн шинэчилсэн төсөлд тусгажээ. Тухайлбал, хариуц­лагаа ухамсарлаж, цэвэршүүлэх байгууламж барьсан аж ахуйн нэгж хөнгөлөлтөд хамрагдаж болох нь. Гэхдээ цэвэрлэх байгууламжтай байгууллага бүр төлбөрөөс чөлөөлөг­дөхгүй, хамгийн гол нь цэвэрлэсэн усан дахь агууламж нь стандарт хэмжээнд хүрэх ёстой юм байна. Үүнтэй холбоотойгоор хаягдал ус цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх талаар БОАЖЯ-ныхан су­далж байгаа гэсэн. Юутай ч гол ус бохирдуулагчдад хариуцлага тооцох ажил дахиад нэг удаа гараанаас хөдөллөө. 2012 онд баталсан хууль шигээ царцаахгүй, ажил хэрэг болгох нь л одоо хамгийн чухал байна.

 

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.