“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын зургаан байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

09.00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай , Монгол болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Ялтан шилжүүлэх тухай”, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийн төсөл болон “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэх юм.

Мөн цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдахаар товлосон байна. Байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт Үйлдвэр”-ийн талаар УИХ-аас гаргасан 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар ТӨБЗГ-ын даргын мэдээллийг сонсоно. Мөн О.Баасанхүү гишүүний өргөн мэдүүлсэн  “Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Монгол, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төсөл, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”, “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэх юм.

Харин үдээс хойш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана. Байнгын хорооны хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэх юм. Мөн цагт Төсвийн байнгын хороо хуралдаж, “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт болон дээр дурьдсан Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэх аж.

Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай хэлэлцэнэ. Мөн Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, хууль, тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсэг болон Боловсролын тухай хууль, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн тайланг сонохоор төлөвлөсөн байна.

Ү.Үнэн

+ There are no comments

Add yours