ОУВС-гийн төлөөлөгч Нэйл Сакер: Монгол Улсын урт хугацааны төлвийн тухайд маш их боломж, нөөц байгаа

ОУВС-гийн төлөөлөгч Нэйл Сакер: Монгол Улсын урт хугацааны төлвийн тухайд маш их боломж, нөөц байгаа

Олон Улсын Валютын Сангийн  Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер мэдээлэл хийлээ. Тэрээр “Олон Улсын Валютын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх хөтөлбөр үндсэн хоёр зорилготой. Нэгдүгээрт, эдийн засагт тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах, хоёрдугаарт, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах бодлогын бааз бий болгох зорилготой юм. Монгол Улсын урт хугацааны төлвийн тухайд маш их боломж, нөөц байгаа гэж харж байна” гэлээ.

“Энэ хөтөлбөрийг боловсруулахдаа бид Монгол Улсын Засгийн газар буюу Сангийн яам, Монголбанкны холбогдох хүмүүстэй нягт хамтран ажилласан. Эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгох бодлогыг боловсруулах чиглэлээр ажилласан. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, өрийн тогтвортой байдлыг хангах, банкны системийг идэвхжүүлэх зорилготой. Эдгээр бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд зээлийн хүүгийн түвшин ерөнхийдөө буурч, банкууд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн зээлээ дахин олгох нөхцөл бүрдэх юм” гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-Өнгөрсөн долоо хоногт ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаад манай улсын зүгээс тавьсан хүсэлтийг хойшлуулсан. Үүний шалтгаан нь Хөрөнгө оруулалтын тухай хууль, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөнтэй холбоотой. Энэ асуудлыг дахин нягтлана гэж ойлгосон. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ?

-Бид энэхүү асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Ирэх 2-3 долоо хоногт багтаагаад хөтөлбөр батална.

-ОУВС-гийн зүгээс долоон төрлийн татвар нэм гэсэн чиглэл өгсөн үү?

-Бидний хэрэгжүүлэх гэж байгаа хөтөлбөр маань хоёр талаасаа яригдаж байгаа гэдгийг байнга хэлж байгаа. Бодлогын хүрээнд талууд бүх асуудал дээр харилцан тохиролцож шийдвэрээ гаргасан.

-Уул уурхайн компаниудын мөнгийг дотоодын банкуудаар дамжуулах тухай асуудал гацаа үүсгээд байгаа. Энэ асуудлыг ОУВС яагаад дэмжихгүй байна вэ?

-Монгол Улсын тодорхой нэг компанитай байгуулсан гэрээний талаар бид байр сууриа илэрхийлэх боломжгүй. УИХ-ын тогтоолд тусгасан заалттай холбоотойгоор Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин муудах нөхцөл бүрдэж магадгүй гэсэн болгоомжлол бий. Ер Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин гадаадын хөрөнгө оруулалттай аль болох олон компанид хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. Энэ нь эргээд Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө. Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадвартай сайн орчинтой болно гэдэгт итгэлтэй байна.

-Татвар эмзэг бүлгийнхэнд биш чинээлэг давхаргад чиглэгдсэн гэдгийг та хэллээ. Гэхдээ Монгол Улс асар их уул уурхайн бүтээгдэхүүн экспортлож байгаа мөртлөө бага татвар авч байна. Тухайлбал, алтны татварыг нэмэгдүүлэх талаар гишүүд санал гаргаж байсан. Энэ асуудлыг хэлэлцсэн үү?

-Алтны татвар нэмэгдүүлэхээр алт олборлогчид татвараас зайлсхийх, орлогоо нуун дарагдуулах асуудал өнгөрсөн хугацаанд гарсан. Алт олборлогчдын татварын орчинг дэлхийн жишигт өрсөлдөхүйц түвшинд тогтоосноор алт олборлогчид өөрсдийн үйлдвэрлэл, орлогын хэмжээг үнэн зөв шударгаар мэдээлнэ. Үүний үр дүнд нөөц ашигласны Засгийн газарт төвлөрч буй орлогын хэмжээ сүүлийн үед нэмэгдсэн. Сүүлийн саруудад Монголын экспортолдог эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд нэмэгдсэн. Үүний үр дүнд Засгийн газарт илүү их орлого төвлөрч байгаа гэж ойлгож байна.

-УИХ-ын тогтоол дахь хөрөнгө оруулалттай холбоотой заалтыг өөрчлөх, эсвэл хүчингүй болгох хэрэгтэй гэж үзэж байна. Энэ асуудал дээр ОУВС ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын тогтоолд хөрөнгө оруулалттай холбоотой заалт тусгагдсантай холбоотойгоор ОУВС-гийн ажлын хэсэг макро эдийн засгийн түвшинд ямар үр дагавар гарах вэ гэсэн тооцоо судалгаа хийж байгаа. Тийм учраас одоогоор ямар нэгэн хариу өгөх боломжгүй.

-ОУВС-гийн захирлуудын зөвлөл хэзээ хуралдах вэ?

-Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.