Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Кэнжи Харадатай уулзлаа

Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Кэнжи Харадатай уулзлаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өнөөдөр Монгол Улсад айлчилж буй Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд ноён Кэнжи Харадатай уулзав.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ноён Кэнжи Харадаг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд Монгол, Японы харилцаа иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжсэнийг онцоллоо.

Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд Кэнжи Харада, Байнгын хорооны даргатай уулзаж байгаадаа туйлын баяртай байна гээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байгааг дурдлаа.

Тэрээр “Япон, Монгол улс нь стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн. Энэ хүрээнд хамтын ажиллагаа өргөжиж байна. Саяхан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчлал хийх үеэрээ энэ харилцааг бататгаж, нотолсон билээ. Мөн энэ оны 2 дугаар сард Монголын Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа тэргүүтэй төлөөлөгчид манай Статистикийн товчооны урилгаар айлчилж, хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан. Японы Статистикийн товчоо 140 гаруй жилийн түүхтэй, улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага юм. Тийм ч учраас бидний туршлага, шинэлэг үйл ажиллагаа Та бүхэнд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.