МОСКВА ХОРООЛОЛ НУРЖ ЭХЭЛСЭН ҮҮ

Оросын холбооны улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Зарубеж строй” компанид хулхидуулсан Москва хорооллын иргэд их л гомдолтой байна. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Москва хорооллын барилгын ажлыг дээрх компани гүйцэтгэсэн гэнэ. Гэтэл зарим байрны хананы бэхэлгээ суларч гадна талын өнгөлгөө эхнээсээ нурж эхлэжээ.

Тухайлбал, тус хорооллын 9 дүгээр байрны өнгөлгөө тоосго нурж, иргэдийн эрүүл мэнд амь насанд халтай байдал үүсчээ.  Мэргэжлийн хяналтын байгууллагаас уг газарт хяналт шалгалт хийж нуралт үүссэн газарт хорио тогтоож машин орж гарахыг хориглож хаалт хийсэн байна.  Гэвч  иргэд хашилт хориглолтыг  нураан машинаа байрлуулж, нуралт үүссэн газрын орчинд орж гарсаар байгаа гэнэ.

   Ер нь Москва хороолол нь зураг төслийн дагуу баригдаагүй, стандарт бус барилга хэмээн албаны эх сурвалж хэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр энэхүү хорооллын архекторын ажлыг хийсэн н.Жамъяансүрэн, зургийн гүйцэтгэгчээр оролцсон Марс констрашины н.Амаржаргал нар уг барилгын ажилд хяналт тавиагүйгээс өнөөдрийн таагүй нөхцөл байдал үүсээд буй талаар албаны эх сурвалж өгүүллээ.

 Үүнээс гадна стандартын дагуу баригдаагүй барилгыг хүлээн авсан улсын комисс буруутай. Харамсалтай нь тухайн барилга баригдаж эхлэх үед “Москва хороолол шиг зураг төсөл сайтай барилга хаана ч байхгүй” хэмээн чээжээ дэлдэж явсан н.Жамъяансүрэнг мэргэжлийн байгууллагууд эрж сураад олдохгүй байгаа сурагтай. Өөрөөр хэлбэл, барилгыг ажлыг хам хум гүйцэтгээд иргэдийг залилан сураггүй болсон оросын “Зарубейж строй” компанийнхаа нэгэн адил ул мөр нь олдохгүй байгаа гэнэ.

Москва хорооллын барилгын ажлыг гүйцэтгэгч нь 100 хувь гадны хөрөнгө орууллалттай “Зарубейж строй” гэх оросын компани юм. Тиймээс өнөөдөр манай улсын иргэд хохирч үлдээд байгаа бөгөөд хохирлоо нөхөн төлүүлж чадахгүй Жамъяансүрэн, Амаржаргалтангуудаа олж чадахгүй, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг болоод явж байна. Гэхдээ зарим оршин суугчид Марс констрашины Амаржаргалаас хохирлоо нэхнэ хэмээн ярьж явна.

   Иргэдийн эрүүл мэндэд аюултай байдал үүссэнтэй холбоотойгоор Барилга хот байгуулалтын яамнаас зарим ажлыг зохион байгуулж байна. Барилга хот байгуулалтын яамнаас Марс констракшинтай холбогдож  зураг төслийг дахин гаргуулах чиглэл өгчээ. Мөн мэргэжлийн хяналтын газарт хандаж дахин төлөвлөсөн барилгын ажилд хяналт тавихыг үүрэг болгосон гэнэ. Нэг ёсондоо нуралт үүсээд байгаа барилгын гадна талыг дахин төлөвлөлтөд оруулж тортой шавардлагаа хийх юм байна. Аюулгүй байдлыг хангах, дахин төлөвлөж засварлахад багагүй хэмжээний хөрөнгө орох нь мэдээж. Харамсалтай энэхүү хөрөнгийг хариуцлага алдсан Марс констракшин уу, архектор гаргах уу гэдэг нь тодорхойгүй үлдэж байна.

              Энэ байдлаас манай төр гадны 100 хувь хөрөнгө оруулалттай компаниудад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохдоо эргээд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах гарц, шийдэл үлдээх хууль эрхзүйн орчин бүрдүүлэх шаардлагатай нь харагдаж байна. Үгүй бол зуу зуун “Зарубейж строй”-тонгууд манай улсад мөнгө угааж, иргэдийг олон зуун сая төгрөгөөр хохироохоос гадна амь насанд нь аюултай байдал үүсгэчихээд усанд хаясан чулуу шиг алга болж мэдэхээр байна.

Сэтгүүлч Б.Жаргал

7Comments

Add yours
  1. 3
    амаржаргал

    Амаржаргал бна. Оршин суугчидаа над руу залгаарай 320372 гар 99099985

  2. 5
    bold

    эхний 2,3 барилгийн орсууд хийгээд үлдсэнийн Монголчууд хийсэн юм шдээ

Leave a Reply to Anonymous Cancel reply