Шилэрсэн гунж нуугдсан тугал…

Дарвийн нуруунууд их үдийн наранд өнгө өнгөөр солонгордогсон. Холын хөх униарт дүнхийж хөхөрч байснаа дахин нэг харахад битүү шаргал тоосонд бүдэг бадаг дайвалзаад ч байгаа юм шиг санагддаг байж билээ. Бодол одоо ч тэр хэвээрээ л байгаа байх даа, миний төрсөн нутаг, монголын сайхан орон маань…

1993 оны зуны эхэн сард л байх манайх сумын төвийн баруун хөвөөнд хаваржаад зусландаа Их бага Эрээний хойд шилд орших Шар ламын аманд гарсан жил юм даг. Манай мал ч их өссөн жил. Хурга, ишиг тусдаа бэлчинэ. Саалийн бог тусдаа хотолно. Бас сувай сүрэг тусдаа хотолно. Тиймээс гурван ч газар тасарч буусан манайх Шар ламын ус багатай худгийг тойрч чандманьлаад  гэрээ барина.

Мань мэтэд хийх ажил мундахгүй их. Зуны нар битүү босч, дэрсний дундаас үл ялиг цухуйх худаг дээр очиж, өдөржин ховоо татна. Энэ ажлыг өнжөөд нэг хийнэ. Мал услах ээлжтэй өдөр худаг дээр зүгээр л өнжинө дөө, хаа ч гэж.  Шар ламын аманд устай худаг ганцхан. Тэр худгаас хүн малгүй ундаална.

 Найман кольцоо бүхий худгийн дөнгөж хоёр кольцоонд нь л ус байх учир зургаан кольцоо хоосон татна гэсэн үг, ховоогоор ус татахад. Ямартай ч бог малаа бүгдийг нь услаад гаргахад өглөө нар битүү эхлээд бага үд болсон хойно дуусдаг байсан юм даг. Харин залгаад л үхэр, адуу, хамгийн сүүлд нь энд тэнд алхсаар гурван тэмээ маань хүрээд ирнэ. Адуу бага уудаг бол үхэр онгоц дүүрэн усыг ховх сороод л хамрын нүх, завьжаараа ус гоожуулан, цүдийгээд л зогсоод байна. Сэтгэлээ ханатал тэгж тамшаална.

Харин тэмээ бол ийш тийшээ харж гөлөрч зогсч, зогсч арай гэж нэг худаг руу өнгийхөөрөө цаг гаран татсан онгоц дүүрэн усыг маань зүгээр л ганцхан удаа сорно. Минутын өмнө халин алдаж байсан цэлэлзсэн их ус хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихсон, харин ч захаасаа хатах шахсан онгоц хов хоосон болчихно. Ингэж байхад эзэнгүй малууд ус уух гээд ирнэ. Усны үнэрээр хаа холоос зорьж ирсэн малыг хүний өөрийнгүй усалсаар нар буусан хойно гэрийн бараа харвал их юм…

Хөдөөний хүүхдэд ямба байхгүй хойно, ам цангавал худгийн ус залгилж, гэдэс өлсвөл боорцог, ааруул идчихээд л өдөржин худаг дээр ховоо татаж өнжихдөө гуниж, гуниглах ч үгүй. Өлслөө ядарлаа гэж янтаганах зав ч гарахгүй дээ хэхэхэ.

Харин мал услахгүй өнжсөн өдөр хонь, эсвэл үхэр адууны эрэлд явна. Нэг удаа аав дуудаж байна. За миний хүү хул морио унаад яв.Эрээний баруун шилээр л хайх хэрэгтэй байх. Ногоон толгойноос цааш яваад хэрэггүй. Наагуур нь эргээд бүр олдохгүй бол Эрээн дээр гарч дурандаарай. Сайн дурандаж яваарай. Хий давхиж хүн мал ядраалгүй яваарай гэсээр тугалах гээд шилрээд алга болсон гунжин үнээний эрэлд мордуулав, намайг. Малын эрэлд ихэвчлэн нар битүү л гарна. Тэр дундаа шилэрч тугалаад тугалаа нуучихсан үнээг олох эрэлд бол бүр эрт явах ёстой хойно айлууд босоогүй байхад гарч давхиад нар дөнгөж цухуйж байхад Эрээний шовх орой дээр холын бараа тод харагдах газар олж байрласан би дөрвөн зүг дурандаж байтал нүдний үзүүрт нэлээд хол шилэрсэн үнээ маань гараад ирдэг юм байна. Туршлагагүй би яах уу давхиад очтол тугалгүй үнээ ганцаараа зогсож байдаг байгаа. Эргэн тойронд нь тугалыг нь нэлээд хайв, олдсонгүй. Эрэг, бут, гуу, ганга гээд зөндөө эрэв олсонгүй. Харин үнээ гуай надаас нүд салгахгүй хараад л бэлчээрлээд байх нь тэр. Бүр юу ч болоогүй мэт шүү. Хоёр цаг гаран болов, үнээ тугал дээрээ очсонгүй, би ч хайгаад олсонгүй, аргаа бараад гэрлүүгээ хөөгөөд явах гэтэл эргэж дайраад дийлдсэнгүй.

Тэгж байтал нэгэн настай баймаар ах над руу чиглээд ирж байна. Хүн амьтангүй газраас гэнэт гарч ирсэн болохоор тэрүүхэндээ жийрхээд л мориндоо мордчихоод хүлээж байтал хүрэн хамбан дээлтэй, ёстой л малгай байхдаа гэмээр юм толгой дээрээ хэлтгий тавьчихсан, түрийг нь эргүүлээд бараг л ботинк шиг болгочихсон нэг муу бакалтай нэлээд хөгшин хүн байна. Мэнд амар асуугаад л ах тухлах бололтой мориноосоо буухаар нь бас учиргүй мориноосоо буухгүй байж болохгүй учир буун хөндийхөн явган суугаад ахыг хүлээзнэв.

Ах асууж байна, хаанахын хэний бүсгүй хүүхэд вэ чи. Хараад байхад нэг газраа л эргээд байх юм. Юугаа хайгаад байгаа юм гэж байна. Зөрүүлээд ахыг хаанаас явж байгааг асуувал эрүүгээрээ этэж заагаад энүүхэн дор богоо ногоолж явна, Тонхилын малчин гэнэ.  Тэгэхээр нь ахад хэллээ, дээ. “ахаа тугалаа нуусан үнээ хэзээ тугал дээрээ очих уу. яах аргагүй төрсөн харагдаад байна. Тэгсэн атлаа тугал дээрээ очихгүй юм. Би хайгаад ч олохгүй байна” гэтэл “үхэр ухаантай амьтан, ямар ч эх амьтан үрээ хамгаалах нь аргагүй, хаана байна тэр үнээ” гэж асууж байна.

Ах нэг тамхи асааж, хэд сорсоноо үнээ дээр очиё гэв. Ах бид хоёрыг үнээний бэлчиж байгаа газар очтол түрүүхэн миний хайж орсон ганганаас ухасхийн гараад хөндий очоод зогсчихдог юм байна, үнээ маань. Би ч бөөн баяр, өө ахаа би бараг олчихлоо. Жижигхэн ганга байна лээ, бүрэн самнахаар гараад ирнэ гэвэл, ах “болоогүй, ингэж тугалаа нуусан үнээ тугалыг нь олбол мөргөж алж ч мэднэ, миний хүү болгоомжтой байхад илүүдэхгүй” гэдэг юм байна. Бид хоёр үнээний гарч ирсэн ганганаас холдохоор үнээ маань юу ч болоогүй юм чиг идээшлээд яваад өгнө. Ганга руу жаахан дөхөхөөр л өвс идэх зуураа  түргэн түргэн алхаад хүрээд ирнэ. Гэхдээ ганга руу орохгүй тойроод л идээшлээд байна. Ингэсээр дахиад хоёр цаг боллоо, би ч залхаад “энэ муу үнээ яадаг юм, ганга руу ороод тугалыг нь ольё” гэтэл өнөө ах “болохгүй хүү минь байрыг нь харахад үнээ тугалаад тав, зургаа хонож, тугал нь энэ олон хоногт ээжээсээ өөр юм хараагүй бол гэнэт хүн очихоор орилно, аягүй бол үнхэлцэг нь хагараад үхнэ. Чи ер нь яасан тэвчээргүй хог вэ, үхэрнээс ухаан муутай гэдэг нь хүлээж бай” гээд уурлах төлөв оров.

Ингэж тэгсээр нар нэлээд буусан хойно үнээ ч бид хоёрт дасав бололтой ганга руу ороод тугалаа дагуулаад гараад ирэв. Миний баярласан гэж. Гүйгээд очтол мөргөх гээд дайрч байна. Хэд хэдэн удаа туух гэж оролдов, тугал нь ээжийнхээ дөрвөн хөлний завсар орж зогсоод явуулахгүй юм. Гэтэл ах хэлж байна, “за хүүхээ чи ойрхон л яваад бай, гэхдээ ээжийнх нь нүдэнд бүтэн харагдахаар яваарай. Гэнэт гарч ирвэл чамайг хээрийн амьтантай андуураад дайрна. Үрийнхээ төлөө үхэхээс буцахгүй зоригтой  болдог юм шүү дээ, ямар ч амьтан. Харин ах нь одоо хонь руу явлаа. Нар ч гудайлаа” гэсээр яваад өгөв.

Ингээд л алсуур нь гэррүүгээ чиглүүлж үнээгээ даялуулсаар гэртээ нэлээд дөхөж байвал гэнэт морины бараг дороос хоёр бөхөн ухасхийн гарч давхиад арай л мориноосоо унасангүй нэг тогтоод хартал бараг л дэргэд маань газрын өнгөтэй бөхөнгийн зулзага нам хэвтэж байна. Харсан нөгөө хоёр бөхөн алсраад л цахилж байна. Буугаад зулзага дээр нь очоод босгох гэтэл хөл дээрээ зогсдог юм биш. Дөрвөн хөл нь бүтэн атлаа нугарч унаад огт зогсохгүй юм. Нүд нь бүлтгэнээд л хамраа хуухираад байхаас өөр ямар ч амьд шинжгүй… зөндөө оролдлоо, хөл дээрээ зогсдоггүй, зугтсан хоёр бөхөнг харлаа, сураг байхгүй, зэрэглээ л цайвалзаад байх юм…

Санаа зовж байна аа, учир нь яг морины хөл дор байхыг нь анх харсан болохоор үүргэлж яваад гишгээд хөлийг нь хугалчихлаа гэж. Тэгээд бодож бодож байгаад гэррүүгээ авч явахаар болоод тэврээд мориндоо мордох гэтэл үргээд хуухираад суулгадаггүй… нөгөө тууж явсан үнээгээ хартал тугалаа дагуулаад гэррүүгээ чиглээд явж байна аа, бас ухаантай амьтан… ингээд бөхөнгийн зулзагаа тэврээд морио хөтлөөд тугалтай үнээ дээрээ ирлээ. Дахиад морьдох гэтэл  мордуулсангүй. Тиймээс гар чилээд байхаар нь дээлийнхээ энгэрийг суллаж байгаад өвөртөлчихөөд тугалтай үнэгээ тууж, морио хөтөлж алхсаар байгаад гэртээ ирлээ, нар жаргаж байхад. Бараг л 20-иод км газар санагдана…

Шилэрсэн үнээгээ бүр тугалтай нь олж ирсэн болохоор гэртээ бардам очсон боловч хээрийн амьтан ээжээс нь салгаад ирлээ гэж жаахан зэмлүүлсэн, ээж аав хоёрт. Харин дүү нарт маань бөхөнгийн зулзага амьд үзмэр болсонсон. Хамгийн том даваа бол нохойгоо зулзагандаа дасгах байлаа. Учир нь манай нохой хурдан, зуумхайгаараа алдартай, бөхөн, цагаан зээр барьчихдаг байсан болохоор бөхөнгийн зулзага гэрт  оруулаад ирэхэд л хаалганы гадна ирчихсэн битүү архираад зогсч байж билээ…

Үргэлжлэл бий…

Х.ГАН-ЯЛАЛТ

2Comments

Add yours
  1. 1
    Ц. Эрдэнэбат

    Сайн байна уу? Өөрийнхөө дурсамжaa бичиж байгаа юм уу даа… Ямарч л гэсэн хөдөө мал маллаж байсан юм байна. Монголчууд эрт дээр үеэсээ л “Морин дээр мордох”, “морь унах” гэж ярьдаг. Түүнээс биш морин дээр “Суух” гэж ярьж бичдэггүй!

    • 2
      Anonymous

      ок. баярлалаа. засчихлаа. үгийн алдаа гарсан байна. яалаа гэж мориндоо суух билээ хэхэхэ

Leave a Reply to Ц. Эрдэнэбат Cancel reply