ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН УСАЛГААНД СААРАЛ УС АШИГЛАДАГ БОЛЛОО

Нийслэл ногоон байгууламжийн талбайг услахад өдөрт 700 тонн ус зарцуулдаг байна. Тэгвэл “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь гүний усыг хэмнэж, стандартын шаардлагад нийцсэн цэвэршүүлсэн усыг ногоон байгууламжийн усалгаандаа ашиглаж эхэллээ.
Энэ сарын эхээр Ногоон байгууламжуудын арчилгаа, модны хэлбэржүүлэлт, тайралт, усалгааг хийж эхлээд байна.

“Хот тохижилтын газар”  АПУ болон М-Си-Эс Кока Кола компанитай гэрээ байгуулан ус ундааны үйлдвэрээс нь гарч буй усыг хэрэглэж байгаа аж. АПУ компаниас авсан усаар хотын төв, М-Си-Эс Кока Кола компаниас авсан усаар хотын зүүн бүсийн ногоон байгууламжийг усалж байгааг албаныхан хэллээ.

Харин ногоон байгууламжийн усалгааны систем байхгүй, цэвэршүүлсэн усыг машинаар зөөх учир хотын баруун хэсгийн ногоон байгууламжийг саарал усаар услах боломж хомс аж. Тиймээс “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ саарал ус нийлүүлэх хүсэлтэй компаниудтай хамтарч ажиллахаа илэрхийлэв.

+ There are no comments

Add yours