БНЧУ-ЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар өнөөдөр манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Чех Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дарга, парламент дахь Монгол, Чехийн найрамдлын бүлгийн дарга Зузка Бебарова-Руйброва тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Бүгд Найрамдах Чех Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дарга, парламент дахь Монгол, Чехийн найрамдлын бүлгийн дарга Зузка Бебарова-Руйбровад Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчлал хийж байгаад болон Чех улсад ажиллаж, амьдардаг монгол иргэдийн эрх ашгийг хамгаалж, Монгол Улсад элэгтэй байдагт талархал илэрхийлэв.

Харин Хатагтай Зузка Бебарова-Руйброва хэлэхдээ “Манай хорооны үйл ажиллагаа танайхтай төстэй, иргэдийн өргөдлөөс гадна хүний эрх, мэдээлэл авах эрхийн асуудлыг хариуцдаг. Танай Байнгын хороо иргэдээс өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдийг чирэгдүүлэхгүй гэж хичээдэг бол манай хувьд цахимаар авахын эсрэг байдаг. Зөвхөн гар бичмэлээр авдаг” гэлээ.

Уулзалтын үеэр талууд Чех улсад амьдарч буй монгол иргэдийн ажлын  байр, цалин хөлс, нийгмийн баталгааг илүү сайжруулах, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, харилцан туршлага солилцох чиглэлд өргөн хүрээтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд уулзалтын эхэнд хоёр улсын хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар харилцан чөлөөтэй ярилцах хүсэлт тавьж, Байнгын хорооныхоо үйл ажиллагааг товч танилцууллаа.

Сэтгүүлч Г.Намуун

+ There are no comments

Add yours