ХОРИОТОЙ …

Сошиал пиар эрчтэй хөгжиж, сонин уншиж, телевиз үздэг залуу үе ховрын бараа болж байгаа энэ үед алба хаагчдаа байгууллагын нэр хүндэд сөрөг нөлөөтэй мэдээлэл бүхий контентэд лайк дарж, шейрлэхийн хориглож, бүр сахилгын арга хэмжээ авдаг байгууллага байдаг гэвэл итгэх монголчууд байна уу. Итгэх л болж дээ, монголчуудаа. Энэхүү инээдтэй шийдвэрийг гаргасан даргыг хэн мэдэхгүй юм. Гэхдээ хоёр ч удаа маш хариуцлагатайгаар шийдвэр гаргаж, бүхий л алба, хэлтэс газраар тараагдан, хатуу анхааруулга өгсөн гэдгийг бол ярих алба хаагчид захаас аван байгаа хэдий ч чанга дуугарахаас эмээж байна. Арга ч үгүй биз, аягатай хоол, татаж байгаа тамхи, ар гэрийн санхүү болох цалинтай нь цаашилбал “албаны нэр хүнд унагаасан” гэдэг шалтгаанаар арга хэмжээ авагдаж, ажлаасаа салж ч мэдэх учир хамар доорхи хагархайгаа хамхиж явах нь тэдний зөв биз.

За энэ ч яах вэ. Албаны нэр хүндээ аминаасаа илүү үзсэн дарга нарын ажил биз гээд орхиё. Гэтэл бодит байдлыг ийн нууж, байгаа нөхцөлөөс тэднийг тусгаарлалаа гээд юу хожиж байгааг мэдэхгүй болохоор орхиод харин юу алдаж байгааг сануулья.  Ажлын цагаар интернэт орчинг хаалаа гээд алба хаагчдын ажлын бүтээмж нэмэгдэх нь юу л бол. Учир нь үүдний жижүүрээс газрын дарга хүртлээ ухаалаг утсыг нэг биш нэжгээдээр нь хэрэглэж байгаа хойно. Хүсвэл утсаа “ухахаа” тэд мэдэж байгаа болохоор ажлын цагаар цахим орчноос алба хаагчдаа тусгаарласан хэмээн оюуны бяд гаргаад ч хэрэггүй л болов уу.

Харин ч мэдээлэл нуун дарагдахын мөн чанарыг жинхэнэ утгаар нь үзүүлнэ гэсэн үг. Учир нь тэд хэзээ ч цахим орчинд тавигдсан олны анхаарлыг татаж, шуугиан тарьж байгаа мэдээллийн талаар ажлын цагаар ямар ч даргадаа мэдэгдэхгүйгээ хэнээр ч заалгахгүй мэднэ. Харин 18.00 цагаас хойш бол бүр ч худлаа. Аз болж цагтаа тарсан нэг нь бол ажил болгож утсаар холбогдож хэлтлээ “ухаалаг загнах” нь юу л бол. Харин ч хэн нэгэн мэдээлж, түүнээс болж эртхэн ирсэн ганц өдрөө эргээд дуудагдчих вий хэмээн таг чиг хэвтэхийг илүүд үзнэ.

Ийм учраас эдүгээ цагдаагийн алба хаагчидтай холбоотой, цагдаагийн байгууллагын нэр хүндийг унагаасан сөрөг мэдээлэлд ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА яагаад хариу өгдөггүйн нэгдүгээр шалтгаан энэ гээд ойлгоход болно. Хоёрдугаарт, нэгэнт тэнгэр дуугарч, аадар ороод хавийн газар үерт автдагаа автчихаад байхад “аадар оржээ” гэж хашгирах нь утгагүй хэмээн үзэх нь их учраас угаасаа муу нэртэй цагдаагаа угаагаад ч хэрэггүй хэмээн орхидог дарга нар олонтойн учир ямар нэгэн тайлбар өгөлгүй орхихыг илүүд үзнэ.

Ингээд цагдаа муу нэртэй. Угаасаа муу нэртэй байсан тэр чигээрээ үлдэнэ. Албаны шалгалт хийж, арга хэмжээ авсан учраас хийх ажлаа хийсэн гэж холбогдох байгууллагын дарга нар нь үзнэ. Магадгүй, зарим нэг нь тэр талаараа мэдээлэл бэлтгэж, олон нийтэд хүргэхийг доод албан тушаалтнууддаа үүрэг болгоно. Харин гүйцэтгэх шатандаа уг мэдээлэл бэлтгэгдсэн ч хүрэх орчин хязгаартай, хүргэж байгаа хүний сэтгэл дутмагаас газар авахгүй тэгсгээд өнгөрнө. Тиймээс нийт масст хүрээгүй тайлбар, хүргэх сэтгэлгүй ажлаас үүдэж олон нийтийн дунд нэр хүнд нь унасан хэвээрээ үлддэг. Ер нь тэгээд бусдын нэр хүндэд халдсан мэдээлэл буруу зөрүү байлаа гэдэг тайлбараас ямагт илүү хүмүүст хүрдэг бичигдээгүй хууль ямар ч байсан манай улсад л лав байдаг. Үүнийг хэсэг бусаг “хар пиар” хийгчид хэзээний овжин ашигладаг хойно.

Үүний бодит жишээ цагдаагийн нөхөд бүлэглэн согтуу нөхрийг зодож, гэмтээж, эмнэлэгт очиход хүргэсэн тухай мэдээлэл. Эхний мэдээлэл хэт сенсаци хөөсөн нэгний цагдаад дургүй амбицтай нийлээд гайгүй сайн хачиртайгаар гэрлийн хурдаар сошиалаар тараагдсан. Ядаж байхад яр гэдэг шиг хайчилж хэрчсэн бичлэгийн хамт тараагдсан учир хальтан харсан хүмүүст “нээрээ л цагдаагийн ажилтан хүн зодож, сэтгэлгүй хандсан байна” гэдэгт дүгнэлт гаргахад хүрсэн. Тиймээс цагийн зуур л цааш нь тараагдав.

Харин энэ талаар бодит үнэнийг шалгаж тогтоосон цагдаагийнхан дахиад л таг байсан. Тэд иргэд, олон нийтэд зориулж мэдээ гаргахаас илүүолон жилээс уламжлагдаж ирсэн туршлагаа дагаад л таг чиг…  Харин тэдний энэ туршлага өнөө цагт улиг болсоныг тэд ойлгосонгүй. Тиймдээ ч олон нийт, сошиал ертөнцөд цаг мөчөөр мэдээ мэдээлэл “үйлдвэрлэгдэж” байдаг учраас нэр муутай цагдаагийн байгууллагын нэр хүнд улам л дордов. Үүнд, хэн ч эмзэглэсэнгүй юу, үнэхээр хэлэх үггүй үнэнд гүйцэгдэв үү гэдэг асуулт нэг хэсэг хүмүүсийн анхаарлын төвд байсан учраас туниа муутайхан яригдсан “хайчлагдсан бичлэгийг санаатайгаар тарааж байна” гэсэн мэдээллийг ХАРИУЦЛАГА ТООЦСОН тухай сүржин атлаа даржин мэдээ нам дараад л өнгөрөв. Эцсийн дүнд өнөө л цагдаагийн байгууллага хог шаар болж үлдэв.

Найман мянган цагдаагийн алба хаагчдын ард багаар тооцоход 30 гаруй мянган хүн АР ГЭРИЙНХЭН  гэсэн тодотголтойгоор амьдардаг. Найман мянган алба хаагчдын нэр хүндийг нэг муу “шивээлж” ширвэхэд тэрхүү 30 гаруй мянган хүмүүсийн сэтгэл санаа долгилж байдаг. Мэдээж ой мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэдэг шиг найман мянган хүний дунд муу, муухай, муухайвтар этгээдүүд байх нь ойлгомжтой. Гэвч ингэж томьёологдох нь дундын дундаас дээш хэзээ ч гарахгүй гэдэгт хувь хүнийхээ хувьд ч уг байгууллагад гурван жил ажилласаныхаа хувьд мэднэ. Тиймээс ширлэсэн сэтгэлтэй нэг муу “шивээлж” амиа хичээснээс болж алба хашиж байгаа бусад  найман мянгынхаа нэр хүндийг харлуулахаар өөрийн эрхгүй сэтгэл тавгүйрхдэг юм. Ингээд дуугүй байж чадсангүй би.

Тиймээс хааж, хашиж, боож, бодож байхаар асуудлыг наанатай цаанатай дэлгээд тавихад Монголын цагдаагийн нэр хүнд бөөндөө гишгэгдэхгүй л гэдэгт итгэдэг. Олон жилийн туршлага, олон үйл явдлын гэрч болсон цаг үеэ бодоход ч тэр.  Босоо удирдлага байлаа гээд “бодсоор байгаад” яг үнэндээ бүх хүмүүст таалагдах гэж дүлэгнэсээр байтал найман мянган алба хаагчийн сэтгэл ар гэрийнхэнийх нь 30 мянган зүрх, итгэл салхинд давтсан зулын гол шиг бөхөлзөж байдгийг хэлэх гэсэн юм, Монголын цагдаагийн дарга аа.

Үйлдэл чинь удаан байна. Үг чинь цөөн байх нь зөв ч бодож, хүлээж байхад найман мянган сэтгэл царцаж, найман мянган нэр хүнд шалбаагт хөвж байна. Дөргүй бух шиг сошиал ертөнцөд дөрөөлсөн хэсэг бусаг этгээд та бүхнийг шийдвэр гаргаж ядаж, хөдөлж цөхсөөр байтал залгиж, булж, муугийн муу мухрын хар овоохойноос дээргүй болгож дууслаа, ЦАГДАА гэсэн нэрийг…

 Сэтгүүлч Х.Ган-Ялалт

 

3Comments

Add yours
  1. 1
    Орхон

    Өөрсдийн үгээ чөлөөтэй хэлэх Ардчилсан нийгэмд бид амьдарч буй. Ажил мэргэжлээр ялгаварлан ингэж хүний эрхийг зөрчиж болохгүй баймаар. Цагдаа болсон нь буруу юу. Тэнэг шийдвэр байна

  2. 2
    цагдаа

    Бие биенээ өмөөрсөн биднийг муулаа бид бхгүй бол та нар яахын гэх мэт үг бичилэг чулуудхаас өөр ажил хийгүй бгаа нь бие биенээ өмөөрч хэргийг нуун дарагдуулж танил талаараа албан тушаалаа ашиглаад үгсэн хуйвалдаж бна гэж бодход хүргэж бна
    Миний бодлоор зөрчил дутагдал гаргасан хүнтэй эвлэрч өмөөрөр бус хэрхэн хариуцлаг тооцон ямар шийтгэл ноогдуулсанаа мөн адил олон нийтийн сүлжээгээр ойлгуулж зоригтой шийдВэр хэрэгтэй бна
    Зүгээр явж бгаад бусдын хийсэн балгаас болоод нийгэмдээ үзэн ядагдах нь хэцүү хэтэрхий аминчхан үзэл мэт боловч нийтээрээ нийгмээсээ үзэл бодлоороо ялгаран ярагчид мэт ойлгогдох нь хэрээс хэтэрдээ тэглээ гээд нэр нэгтийн чих нэг учираас юу ч бодохгүй явы гэсэн ч бас л болохгүй юм дээрээс доороос цагдаа нар маань яалтай билээ
    Бид иргэндээ хууль сахиулах үүрэг хүлээсэн болхоор өөрсдөө олон Нийтийн газар бие зөв авч явах ёстой Бусадыгаа буруу үйлдэлээс холдуулж шаардлаг тавьж чаддаг бЖ муу хүмүүсын өгөөш болохгүй
    албаа та нар л хайрлаж ойлгуулж явахгүй өөр хэн хайрлах вэ эрхэм нөхдөө

  3. 3
    egch

    Mongoliin tsagdaa uneheer mundag, bayarlaj naadahaasaa eehleed buhniig tednii nuruun deer l uuruulj yavaa shuu dee bid

Leave a Reply to egch Cancel reply