С.Батболд: Замын хөдөлгөөнд саад болохуйц гэрлэн дохио их байна

 Хотын дарга С.Батболд болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, ажилчид зарим байршилд гудамж зам гаргах, автомашины зогсоол байгуулах байршлуудтай  танилцлаа.

Тэд Чингэлтэй дүүрэг 4,5-р хороо, Лениний музейн баруун талд орон сууцны 2а байрны урд талаар шинээр гудамж, зам гаргах ажил, Сүхбаатар дүүрэг 6,8-р хороонд  ажилласан юм.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэлэхдээ, “Аж ахуйн нэгж байгууллага, иргэд эзэмшлийн талбайн хэмжээгээ дур мэдэн тэлж, хашаа хатгаснаар галын болон эмнэлгийн машин орох боломжгүй болсноор иргэд тусламж авч чадахгүйд хүрэх эрсдлийг бий болгож байна. 341 байршлын нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлснөөр хот доторх хөдөлгөөний эрчим 20 гаруй хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон. Түүнчлэн иргэдийн аюулгүй байдлыг хангах нь чухал” хэмээн ярив.
Хотын дарга С.Батболд, “Замын хөдөлгөөнд саад болохуйц гэрлэн дохио их байна. Гэрлэн дохионууд авто замын хөдөлгөөнөө зохицуулахаас илүүтэй түгжрэл үүсгэж байна. Тиймээс ийм уулзваруудыг шинэчлэх талаар ажил эхлүүлэх шаардлагатай” гэв.
Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ-ын дарга Д.Одбаяр, “Замын хөдөлгөөний төвийн 38 хяналтын камер бий. Тодруулбал 33-40 дахин томсгож харах, 20-30 машины ард байгаа тээврийн хэрэгслийн дугаарыг татаж харах боломжтой. Цаашид камертай холбоотой байгууллагууд дундын мэдээллийн нэгдсэн сантай болвол ажлын уялдаа  сайжирна”  хэмээн онцлов.

Дашрамд дурдахад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлсэн газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхлүүлсэн бөгөөд тавдугаар сарын 5-нд дуусах юм байна.

+ There are no comments

Add yours