Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр байгууллаа

 Нийслэлийн хүн амын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дагаж мөрдөх, нийгмийн түншлэлийн зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт хамтын хэлэлцээр”-ийг байгууллаа.

Энэхүү хэлэлцээрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга С.Жаргалсайхан нар өнөөдөр гурван талт хэлэлцээрийг баталж гарын үсэг зурлаа.

Уг хэлэлцээрийн хүрээнд Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналтыг сайжруулах, Үр бүтээлтэй хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийг ханган ажиллах гэсэн гурван үндсэн чигэлэлээр 22 зорилтот ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Гурван тал хамтран нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, байнгын ажлын байраар ханган ажиллах зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн ААН, байгууллагуудтай хамтран “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын хөдөлмөрийн аварга шалгаруулах, зохистой бүтээмжтэй ажлын байрыг бий болгох гэсэн гол зорилгыг дэвшүүлж байгаа юм. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэх ажиллахад та бүхэнд амжилт хүсье” гэлээ.

Сэтгүүлч Г.Баясгалан

+ There are no comments

Add yours