ХЭРЭГЛЭГЧДЭЭ ГОМДООСОН ЮНИТЕЛ…

      Юнителийн хэрэглэгч болоод удаагүй танил маань ихэд гомдож буйгаа өгүүлэх. Харин юнителийн үйл ажиллагааны доголдолын тухай яриа хаа сайгүй л яригдаж байдаг болохоор тухай бүрт нь нэг их ойшоодоггүй байснаа сая анзаарав. Ингэхэд юнител яагаад хэрэглэгчдээ бухимдуулах болсон юм бол. Учир юунд байна хэмээн эргэн тойрны хэрэглэгч нөхдөөсөө тодруулсанаар үндсэн гэж хэлж болохоор хэдэн шалтагийг сонсов.

Үүнд, 1414 дугаар. Хэрэглэгч залгахад байнгын “Холбох шугам завгүй байна” гэдэг хариулт өгдөг.  Харин холбогдсон цөөн тохиолдолд “Бид үйлчилгээний чанараа сайжруулах үүднээс зарим тохиолдолд таны яриаг бичлэг болгон хадгалж байна” гэдэг нь “ямар эрх дархтай компани гэхээрээ үйлчлүүлэгчийнхээ яриаг тагнаж, чагнаж, бүр хадгалдаг байна” гэсэн хардлага бухимдлыг үүсгэдэг байна.

Дараагийн тохиолдол. Иргэн Б өнгөрсөн пүрэв гаригт чухал шаардлагатай дуудлага хийх гэтэл нэгжгүй болсон байж. Тиймээс 13.00 цаг өнгөрч байхад Тэнгис кино театрын дэргэдэх салбараас нэгж авч утсаа цэнэглэтэл огт болохгүй байж. Ингээд тэр даруйдаа эргэж ороод учрыг хэлтэл “Сүлжээ доголдоод инженер засаж байна. Удахгүй 20 минутын дараа хэвийн болно” гэсэн байна.

Хэсэг хүлээж байгаад дахин хэд хэдэн удаа утсаа цэнэглэх оролдлого хийсэн боловч амжилтгүй болжээ. Улмаар лавлах руу залгасан боловч “холбох шугам завгүй байна” гэсэн хариултыг авч гацаанд оржээ. Зайлшгүй хэл дуулгах шаардлагатай чухал дуудлага учраас өөр хүний дугаараас залгасан боловч нөгөөх нь танихгүй дугаар учир аваагүй аж. Ингээд Юнителийн буруутай, найдваргүй үйл ажиллагааны улмаас ажлаа амжуулж чадахгүй сандарч гүйсээр ажлын цаг дуусч 17.00 цаг болов.  Харин орой болсон хойно, Б-гийн утсанд нь өдөр худалдаж авсан нэгж оржээ.

Хохирогч Б “юнителийн сүлжээ доголдсоноос болж томоохон гэрээнд гарын үсэг зурж, мэдлэг боловсролоо үнэлүүлж, өндөр цалин авах сайхан боломж гарч ирсэнээ алдчихлаа” хэмээн бухимдаж байв.

Дахиад… Сард 15 мянган төгрөг төлөөд сүлжээндээ үнэгүй дуудлага хийдэг үйлчилгээ байдаг. Мөн 40 мянган төгрөгөөс дээш төгрөгөөр барьцаа төлбөрийг байршуулсан дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч сүлжээндээ үнэгүй ярьдаг. Гэтэл эдгээр хэрэглэгчдэд 1498 дугаараас “танд сүлжээндээ үнэгүй дуудлага, яриа хийх 3000 бонус нэгж бэлэглэж байна” гэсэн мессэж байнга илгээдэг аж. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчдийн гомдлын дагуу 2016 онд Юнител компанийн үйл ажиллагаанд хэд хэдэн удаа шалгалт хийж Харилцаа холбооны тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөнийг удаа дараа сануулж ирсэн. Харин үүнд ямар арга хэмжээ авсан нь одоо хэр тодорхойгүй, харин ч эрх дураараа аашилсан хэнз хүүхэд шиг авирлах юнительд хэрэглэгчид нь залхаж, эдүгээ ашиглахаас татгалзаж эхэлсэн гэнэ.

Үүрэн холбооны юнител компани дараа төлбөрт хэрэглэгчээс барьцаа төлбөр авдаг. Энэ байдлаар зогсоохыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шаардаж, тус компаниас төрийн хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг сануулсан. Харамсалтай нь Юнител компани үйл ажиллагааныхаа доголдлыг засах бус сайхан  үгтэй сурталчилгаагаар хэрэглэгчийн “тархийг угааж”, хуурч хохироосоор байгаад иргэд бухимдах болжээ.

Учир нь Юнител компани иргэдийн хэрэглэж байсан хуучин дугаарыг худалдаанд гаргадаг байна. Үүнээс нь болж айл гэр, эхнэр нөхрийн хооронд багагүй зөрчил гардаг гэнэ. Тодруулбал, шинэ эзэнтэй болсон хуучин хэрэглэгчийн дугаар луу иргэд залгаж их бага хэмжээгээр маргаан үүсгэдэг аж. Тэр бүү хэл ийм дугаарын иргэд хоорондоо “комиссын дугаар” хэмээн нэрлэх болсон гэнэ. Худалдаж авсан дугаар руу нь байнга залгаж элдэв зүйл ярьж иргэдийн уур ундууцлыг бардаг учраас “комиссын дугаар” авсан иргэд юнителээс татгалзахад хүрсэн бололтой.  Энэ бүгдээс шалтгаалан олон нийт Юнител компанийг хүн бүрийн амьдралын салшгүй нэг хэсэг байж чадахгүй, мэдээлэл харилцаа холбооны дэвшилтэт хэв маягыг тодорхойлох биш гажуудуулж алдагдуулаад байна гэх ойлголтод хүрээд байгаа юм байна. Асуудлыг анхааралдаа авч, үйлчлүүлэгчдийнхээ талд зохицуулахгүй бол нэжгээдээр зогсохгүй бухимдах иргэдийн тоо нэмэгдэх нь ээ, эрхэм Р.Ганболд захирал аа.

 Сэтгүүлч Д.Мягмаржаргал

4Comments

Add yours
  1. 4
    Irgen

    Дата энэ тэр өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдээд байхы аймаар өлөн өлөн

Leave a Reply to saruul Cancel reply