Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа

Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Одын Оч Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тускд 2017 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх Жуух Бичгээ барьсантай нь холбогдуулж Ерөнхийлөгч Д.Туск Элчин сайд О.Очийг хүлээн авч уулзаж, Монгол Улс-Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов. Уулзалтын үеэр Элчин сайд О.Оч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Тускд уламжилж өнгөрсөн жил Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад Ерөнхийлөгч Д.Туск биечлэн оролцсонд талархал илэрхийлэв. Түүнчлэн Европын Холбоо нь Монгол Улсын гадаад бодлогод чухал ач холбогдолтой “Гуравдагч хөрш”-ийн нэг болохыг тэмдэглэхийн зэрэгцээ монголын тал цаашид Европын Холбоотой Иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхийг зорьж Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг цохон тэмдэглэв.

Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Тускд өнгөрсөн жил Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож сэтгэгдэл өндөртэй буцаж ирсэн тухайгаа дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэндчилгээ уламжлав. Тэрбээр Монгол Улс ардчиллын үндэс суурийг баттай тавьж ардчиллын үндсэн зарчмуудыг бодит утгаар нь өдөр тутам хэрэгжүүлж байгааг дурдаад Монгол Улс бол Европын Холбооны хувьд Холбооны гаднах чухал түнш орнуудын нэг болохыг цохон тэмдэглэв.

Ингэхдээ Монгол Улс эдийн засгийн хувьд хүнд үеийг туулж байгаа ч ардчиллын зарчмуудад тууштай байгааг Европын Холбоо өндөрөөр үнэлж цаашид Европын Холбоо Монгол Улс хоорондын бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.