Аудитын газраас таван чиглэлээр шалгалт явуулна

Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газраас нийслэлд шалгалт хийх төлөвлөгөө, аудит хийх чиглэлээ тодорхойлсон байна. Тус газраас  таван асуудал дээр аудит хийхээр төлөвлөж, төлөвлөгөөг боловсруулсан аж. Нийцлийн аудитын газрын захирал Б.Алтанзул боловсруулсан төлөвлөгөөний дагуу өнөөдрөөс ажлаа эхэлж байгаагаа нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт танилцууллаа.

Нийцлийн аудитын газрын захирал Б.Алтанзул “Гудамж төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын төсөвт өртгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн эсэх дээр аудитын дүгнэлт гаргана. Түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-ийг иргэдэд өндөр үнээр борлуулсан, зөвшөөрөлгүй газруудад байршуулсан эсэх талаар дүгнэлт гаргана. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг нягтлан шалгах болно. Үүнээс гадна нийслэлийн Газрын албанаас төрийн байгууллагын хэрэгцээнд газар олгосон асуудал хуулийн хүрээнд явагдаж чадсан уу гэдгийг шалгаж дүгнэлт гаргана. Тав дахь асуудал нь Авто замын хөгжлийн газарт хийгдсэн зарим төсөл, арга хэмжээг хуулийн дагуу явуулсан эсэхийг шалгаж аудитын дүгнэлт гаргана” хэмээлээ. Мөн тэрбээр “Шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд явуулна. Үүнээс гадна байгууллагын нууцын хэмжээнд авагдсан бүх материалыг төрийн аудитын байгууллага ижил түвшинд хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ ханган биелүүлж ажиллах болно” гэдгийг тодотгож байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

+ There are no comments

Add yours