Хадгаламжийн хүүгээс авах татварт босго тогтоох санал гаргав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын төсвийн тодотголын хамт Нийгмийн даатгалын сангийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг найман хууль, гурван тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийн төсөлд хадгаламжийн хүүгээс татвар авах, тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, автомашин болон архи, тамхи, шатахууны онцгой албан татварыг нэмэх заалтууд тусгасан юм. Хуулийн төслүүдийг өнөөдөр Төсвийн байнгын хороо хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Төсвийн сахилга батыг хангаж, хариуцлага дээшлүүлэх талаар байнга ярьж байгаа. Үүний тулд нэн тэргүүнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тогтвортой барих ёстой. Одоо хэрэгжиж байгаа хуульд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 9.9 хувь байхаар тусгасан. Гэтэл 10.6 хувь болгохоор өөрчлөлт оруулж байгааг дэмжихгүй” гэв.

Мөн УИХ-ын гишүүн С.Чинзориг ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх зээлүүд хэдэн хувийн хүүтэй байхыг тодруулав. Сангийн сайд Б.Чойжилсүрэн, “ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.доллар орж ирнэ. Бүх зээл нэн хөнгөлөлттэй буюу 2 хувийн хүүтэй байх юм” гэлээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар өнгөрсөн жилүүдэд байгуулсан концессийн гэрээнүүдийн эргэн төлөлт хэдэн төгрөг байгааг тодрууллаа. Ажлын хэсгийн зүгээс, “Одоогоор Концессийн 41 барих шилжүүлэх гэрээ байгаа. Үүнээс 13 төслийн барилга угсралтын ажил бүрэн дууссан. Концессийн эргэн төлөлт төсөвт ихээхэн дарамт үүсгэх магадлалтай. Өөрөөр хэлбэл, 2018 онд бол 426 тэрбум төгрөг, 2019 онд 424 тэрбум, 2020 онд 360 орчим тэрбум төгрөг төлөхөөр байна” гэсэн хариулт өгөв.

Мөн үер Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Ж.Энхбаяр гишүүд төсвийн алдагдлын хэмжээг бууруулах, хадгаламжийн хүүгээс авах татварыг 50 эсхүл 100 сая төгрөгийн хадгаламжаас авахаар босго тогтоох зэрэг санал хэллээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

+ There are no comments

Add yours