Ирэх тавдугаар сард Мексик улсад Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн чуулган болно

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж буй “Гамшгийн эрсдлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна.

Ирэх тавдугаар сард Мексик улсад Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн чуулган болох талаар  нээлтийн ажиллагааны үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах  Тусгай төлөөлөгч Р.Глассер дурьдлаа .

Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер нар “Хамтран ажиллах тухай мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа.

Хуралдаанаар Монгол улс Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Азийн сайд нарын бага хурлаар баталсан Нью Делигийн тунхаглал, Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагналаа.

Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер, “Бид Монгол Улсыг гамшгийн эрсдлийг бууруулах салбарт томоохон дорвитой амжилтууд гарган ажиллаж байгаа орны нэг хэмээн хүлээн зөвшөөрдөг. Үүний илрэл нь Монгол Улсын Их Хурлаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргасныг дурдах нь зүйтэй болов уу гэж бодож байна.

Түүнчлэн Монгол Улсад 2018 онд болох  Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын  бага хурал зохион байгуулагдах болсонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Цаашдаа гамшгийн эрсдлийг бууруулахад бүхий л талаар хамтран ажиллах болно” хэмээн хэллээ.

Сэтгүүлч Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours