Ц.Элбэгдорж: Төр рүү хувалз адил зүтгэгсэд олон болжээ

Ц.Элбэгдорж: Төр рүү хувалз адил зүтгэгсэд олон болжээ

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож үг хэллээ.

Тэрбээр чуулганы үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ энэ удаагийн парламент нь түүний бүрэн эрхийн хугацааны 3 дахь парламентын бүрэлдэхүүн гэдгийг онцлоод шийдвэрлэвэл зохих таван асуудал дээр байр сууриа илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цааш хэлэхдээ, “Нэгдүгээрт, та бүхэн хариуцлагын асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэх ёстой. Монголд олдохгүй байгаа ховор юм бол хариуцлага болоод байна.

Монгол Улсад мөнгөгүй хийж болох ажил бол хариуцлага юм. Хариуцлагатай больё гэвэл хариуцлагын хуулиа батлах ёстой. Үнэмлэхэй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэж МАН-ын дарга М.Энхболд өмнө нь хэлж байсан.

Эрх барих хүчний байгуулсан мөрийн хөтөлбөр бол ард түмэнтэйгээ хийсэн гэрээ юм. Өнөөгийн эрх баригчид энэ ажлыг хийхгүй бол дараагийн эрх баригчид барьж авч хэрэгжүүлэх нь тодорхой.

Хоёрдугаарт, төр бизнес хоёрыг салгахгүйгээр байдал засахгүй. Үүнд,

 Төрийн яамд аж ахуй үйл ажиллагаа эрхлэхийг хориглох

 Дээрх байдлыг өөрчлөхийн тулд өмнөх буруутай замыг сонгохгүй байх

 Сайдууд тамганы ёслол хийдгээ болих хэрэгтэй.

 Төрийн үйл ажиллагааг төрийн албан тушаалтнуудаас салгаж болохгүй. Хэн нэгэн мөнгө бизнесийг сонирхож байгаа бол төрөөс холдох хэрэгтэй.

 Төрийн бүх тендер, гэрээ хэлэлцээрийг төрөөс салгах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, шилэн болгох нь зүйтэй.

 Төрийн албан хаагчдын унах унаа, албан өрөө гэх мэтэд хязгаар тогтоож, тэр хүрээнд ажиллах.

 Төрийн ажлыг үр ашиг гэдэг хэмжүүрээр хэмжих хэрэгтэй.

Монголын төр эдийн засгийн гадна талд зохицуулалт хийдэг байх нь зүйтэй. Төр ашиг орлого хөөцөлдөөд байгаагаас төр рүү хувалз адил зүтгэгсэд олон болжээ. Хүнээр ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Төр стандартаар хангадаг байх ёстой. Эдгээрийг засахгүйгээр манай төр засрахгүй.

Гуравдугаарт, төрийн зардлыг хасахгүйгээр төрийн ачаа хөнгөлөхгүй. Төрөө засья гэвэл Төсвийн тогтвортой байдлын хуулиа хадгалж, төрийн албан хаагчдын тоог хязгаарла. Сүүлийн  жилүүдэд 60 мянган хүнээр төрийн бүтэц данхайжээ. Энэ байдалд анхаарахгүй бол монголын төр заан биетэй, хулгана хөлтэй болчихоод байна. Иймд:

  1. Төсвийг хасах, батлагдсан төсвөөрөө хамгийн үр дүнтэй ажилладаг байх. Би жил бүр төсвөө 60 хувиар хасч, хассан төсөвтэй ажиллаж ирлээ. Сүүлийн 4 жилд 11 тэрбумаас 4 тэрбум болгож танасан. Энэ жишийг бүх байгууллага хэвшүүлэх.
  2. Төрийн бүхий түвшинд төсөв нэмсэн, орон тоо нэмсэн тушаал гаргахаа болих.
  3. Төрийн албаны тухай хуулийг батлан гаргах.
  4. Төрийн албан хаагчдыг ёс зүйн дүрэмтэй болох. Ёс суртахуунаар засаглахад хол байна. Гэхдээ ёс зүйн дүрмээ батлан гаргах ёстой.
  5. Төрийн зардал нэмэгдсэний шалтгаан нь төр бүх ажилд өөрөө оролцож байгаатай холбоотой. Ухаалаг төр бусдаар ажлаа хийлгэдэг юм.

Дөрөвдүгээрт, улстөрийн нам дагасан гажуудлыг засахгүйгээр улс оронд үүсээд буй доголдлыг арилгахгүй. Иргэдийн уур бухимдлыг шалтгааны ихэнх нь улстөрийн намтай холбоотой. Монголд байгаа завхралыг засья гэвэл Улстөрийн намуудын тухай хуулийг барьж авч, батлах хэрэгтэй. Улстөрийн нам улс орны сайн сайхныг чирж явдаг байх хэрэгтэй. Иймээс хуулийг нь батлан гаргах ёстой. Төрийг засья гэвэл улстөрийн намуудын засахад оршиж байна. Мөнгийг ямар ч эрх баригч зарцуулж чадна. Харин өөрийнхөө дасал болсон орчныг өөрчлөх хэцүү. Иргэдийн улстөрийн эрхийн хэрэгжилт байхгүй болж байна. Энэ хуулийг өргөн барьсан ч та бүхэн батлаагүй. Иргэдийн улстөрийн эрхийг хангасан хуулиа батласнаар Монгол Улс өнөөгийн байгаа байдлаасаа зөөлөн газардана. Монгол Улсын засаглалын эрх бүх иргэдийн мэдэлд байна гэж хуульчилсан. Гэтэл Үндсэн хуулийн энэхүү зарчмыг 27 жил хэрэгжүүлэлгүй ирлээ. Энд байгаа улстөрчид ирэх цагийн улстөрийн өнгийг тодорхойльё гэвэл иргэдийн улстөрийн эрхийг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.

Тавдугаарт, гүйцэтгэх засаглалаа сайжруулах нь зайлшгүй. Гэтэл гүйцэтгэх засаглалын эрх мэдэл дутмаг, бяд муутай байна. Ийм засаглалтай бид хол явахгүй. Хол явах биш бид урагш явахаа болилоо. Чадвартай Засгийн газар л хариуцлагатай байдаг. Хариуцлагатай Засгийн газарт итгэл үзүүлдэг. Гэтэл өнөөдөр итгэл үзүүлэх явдал дотроо ч гаднаа ч алга байна. Энэ бол хэн нэгнээс биш, тогтолцооны гажиг. Улсаараа шаварт суусан ч Засгийн газар “гүйж” л байх ёстой. Засгийн газар эрсдэлтэй ажил хийдэг. Манайд ажил хийдэг биш, суудлаа хадгалах гэж Засгийн газар хүчээ бардаг болчихлоо. Монгол Улс хангалтай ардчилалтай, одоо хариуцлагатай улс болох хэрэгтэй. Өнөөдөр тогтолцооноос болж цаг алдаж байгаа нь харамсалтай. Иймээс монголын онцлогт тохирсон байдлаар асуудлыг шийдэх хэрэгтэй. Харин хэзээ хэн хийх вэ. Та бүгд хийхгүй бол дараачийн үеийнхэн хийнэ гэж би түрүүнд хэлсэн.

Өмнөхийн алдааг өнөөгийн эрх баригчид алдах шинжтэй байна. Агуулгын өөрчлөлт  та бүхний ажилд харагдахгүй байна. “Аль ч нам гарсан ялгаагүй” гэдэг иргэдийн үг үнэн болоод байна. Өөр хандлагыг тодорхойлох цаг нь болжээ.

МАН, АН гэсэн хоёр намын сонгоод байгаа нь намын нэр өөр байгаад учир утга нь байгаа юм биш. Өөр ажиллана хэмээн итгэж иргэд сонгосоор байгаа юм. Өөрөөр ажиллах улс нь та нар байх ёстой. Олон улсаас өгөх авлигын үзүүлэлт тааруу гарлаа. Дордож болзошгүй гэж олон улсад дүгнэж байна. 2017 оны үнэлгээ дордож гарах ёсгүй. Авлига гэдэг мөнгө төгрөг өгч байгаа асуудал биш юм. Шийдвэр гарч байгаа улстөрчид хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг харж байгаа юм. Зээлжих зэрэглэл мөн өсөх ёстой. В, В1 үнэлгээнд эргэж очих ёстой. Хүний өөрчлөлтөөр биш, бодлогын өөрчлөлтийг хийх хэрэгтэй.

Сүүлийн үед оффшорын асуудал ихээр яригдаж байна. Энэ асуудал анх яригдаж эхлэх үед төрийн бүх албан хаагчид эргийн гадна данстай байхыг хориглохыг би хэлж байсан. Энэ байр суурин дээрээ одоо ч хэвээрээ байгаа.

Энэ асуудлыг эрх баригчид анхааралдаа авсан гэж бодож байна. Мөн хар тамхи, үр хөндөлтийн асуудал дээр анхаарах хэрэгтэй. Манай улсын залуучуудын дунд хар тамхины хэрэглээ аюулын харанга дэлдэж байна. Төв суурин газрын 10 хүүхдийн 6 нь энэ аюулд өртсөн, өртөх хандлагатай байна гэсэн судалгаа гарсан байна. Монгол Улс энэ асуудал дээр хатуу бодлого барих ёстой. Алхамууд хийж байгаа ч байдал дээрдээгүй байна. Анхааруулах сануулах байдлаар асуудлыг шийдэхгүй. Энэ асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт биечлэн хариуцах ёстой.

Сүүлийн жилийн 30 жилд бид 1 сая “хүн”-ээ үр хөндөлтөөр алдсан гэсэн тооцоо гарчээ. Энэ чиглэлийн хортой бодисын эмийн хэрэглээ нэмэгдэж, эмэгтэйчүүд амьдралаараа хохирч байна. Амь насаа алдаж буй эмэгтэйчүүдийн тоо өсч байна. Энэ юутай харуусал вэ. ҮАБЗ-ийн түвшинд хэлэлцсэн ч байдал дээрдсэнгүй. Эмэгтэй хүний ээж болох эрхийг хэн ч хааж боож болохгүй. Монгол хүн газар шороон дээрээ хэд ч байсан илүүдэхгүй. Эхийн амь нас алдах аюултай цагт л үр хөндөлтийг зөвшөөрнө. Монгол Улс эхийн хэвлийд байгаа үрсээ “алдаггүй” байх ёстой. Уг асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Цогцэцэгээс гойд манлайлал гаргана байх гэж бодож байна. Энэ хоёр аюул монгол удмын санг онцгойлон хохироож байна.

Нийгэмд тулгамдаж байгаа асуудал бүрийг би хамж ярих гэсэнгүй. Гэхдээ Монголын төр зөв дэг жаягтай болвол Монгол Улс л хожно. Эрчим хүч, төмөр зам, дамжин өнгөрөх тээвэр болон эдийн засгийн коридортой холбоотой сэдлийг ажил хэрэг болох хэрэгтэй. Монгол Улс хичнээн толхилсон ч нэг л хувь заяатай. Монгол орон хүн ажиллахад урамтай улс орон байх ёстой. Миний эх орон ажиллаж амьдрахад сайхан орон шүү гэж бахархмаар байх ёстой. Та бүхний гарт олон эрхийг иргэд атгуулсан. Та бүхэнд чин сэтгэлээсээ амжилт хүсье” гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсний дараа УИХ-ын дарга М.Энхболд хаврын чуулган албан ёсоор нээснийг мэдэгдэв.

 http://www.montsame.mn

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.