Б.Чулуудай: Би 480 төгрөгийн ч гүйлгээ хийгээгүй

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүү Чулуудай Панамын хуулийн фирмийн оффшор бүсэд данстай байсан тухай мэдээлэл өнгөрсөн онд цацагдсан. Энэ асуудлаар тухайн үед хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалт хийх шаардлагаар 2011 онд оффшор компани байгуулсан. Гэхдээ нэг ч төгрөгийн гүйлгээ хийгээгүй хаасан гэж хүү маань надад хэлсэн” хэмээн хэвлэлийнхэнд мэдээлж байсан юм.

Тэгвэл өнөөдөр энэхүү асуудалтай холбогдуулан  иргэн Б.Чулуудай  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Ард түмний онц түр зөвлөл /АТОЗ/-ийнхэн ярьж байгаагаар оффшорт холбогдоогүй гэсэн ямар нэгэн баримт материал байвал ил гаргаж тавих хэрэгтэй гэсэн санал ирүүлсэн. Үүний дагуу би мэдэгдэл хийж байна. 2016 оны сонгуулиар “Монгол”  HD телевиз, Иргэн Ганбаяр өөр хэвлэл мэдээллээр намайг оффшорт данстай. Тэр дансаар гүйлгээ хийсэн тогтоогдлоо” гэсэн  мэдээллийг цацаж ярьсан. Тухайн үед уг асуудлаар манай өмгөөлөгч мэдээлэл хийж байсан. Бид оффшор бүсэд компани байгуулсан үнэн.  Удалгүй татан буугдсан. Тэр компанид ямар нэгэн данс үүсгээгүй хийгдээгүй болохыг тухайн үед мэдэгдэж байсан. Би  холбогдох хуулийн байгууллагуудад ” Иргэн Б. Чулуудай би  оффшор бүсэд данс эзэмшиж  гүйлгээ хийсэн бол хуулийн дагуу шалгаж, зохих журмын дагуу шийтгэнэ үү”гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл миний хүсэлтийг  буцаасан. Саяхан би бас хүсэлт тавьсан. Одоо хариуг нь хүлээгээд байж байна. 480 тэрбум бол улсын төсөв шахуу хөрөнгө. Би тэр хөрөнгийг оффшор бүсэд  байрлуулаагүй ээ. Би 480  тэрбум байтугай 480 төгрөг ч гадаадын оффшор бүсэд байршуулаагүй. Хэн нэгэн этгээдэд баримт нотолгоо байгаад  тэрхүү баримт нь хуулийн дагуу батлагдвал би шийтгэл хүлээхэд бэлэн ” хэмээн мэдэгдлээ.

 

 

+ There are no comments

Add yours