Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн 4 дүгээр чуулга уулзалт Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо “Өөрчлөгдөж буй Ази, Номхон далайн бүс нутагт ядуурлыг устгаж, хөгжил цэцэглэлтийг дэмжих нь” сэдвээр 2017 оны 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд болов.

Чуулга уулзалтаар бүс нутгийн улс орнууд “Тогтвортой хөгжил-2030”  хөтөлбөрийн хүрээнд ядуурлыг бууруулах, өлсгөлөнтэй тэмцэх, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, хүйсийн тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, санал бодлоо солилцов.

Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн дөрөвдүгээр чуулга уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Т.Төгсбилгүүн тэргүүтэй манай төлөөлөгчид оролцож, “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн 1 дүгээр зорилт буюу ядуурлын бүх хэлбэрийг устгах асуудлаар болсон дугуй ширээний уулзалт, түүнчлэн “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын зүгээс явуулж буй бодлого, арга хэмжээнүүдийг танилцуулж үг хэлэв.

Чуулга уулзалтын үр дүнд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх бүс нутгийн газрын зураглалыг баталсан бөгөөд энэхүү баримт бичигт Ази, Номхон далайн бүс нутагт Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэл, хэрэгжилтийн зохицуулалт, үйл явцыг мэдээлэх, Тогтвортой хөгжлийн асуудлаарх өмнөх чуулга уулзалтуудаар тохиролцсон асуудлыг хэрэгжүүлэх хийгээд нийгмийн хөгжил, гамшгийн эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт, эрдэс баялгийн менежмент, хэлхээ холбоо, эрчим хүч гэх зэрэг салбарт бүс нутгийн түвшинд хамтран ажиллах асуудлууд багтсан болно.

Эх сурвалж: ГХЯ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.