…хохирогч Авир нь гэр бүлгүй, хамаатныхаа айлыг бараадаж, ганцаараа тусдаа амьдардаг байжээ…

1969 оны 12 дугаар сарын жавар тачигнасан өдөр Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын тушаалаар цагдаагийн ахмад С.Гунаажавыг Булган аймгийн Цагдаагийн ангид эрүүгийн ахлагч төлөөлөгчөөр томилсон байна. Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд С.Будрагчаа “Булган аймагт хүн амины эзэнгүй хэрэг нэг байгаа. Энэ хэргийг баримттай, цаг алдалгүй илрүүлэх нь чиний ажил. Хэрэгтэй нь танилцаад, туслалцаа авах хэрэг гарвал надад мэдэгдээрэй” гэсэн үүрэг өгч.

Ийнхүү 1970 оны 1 дүгээр сарын зэвэргэндүү өдөр С.Гунаажав ахмад Цагдаагийн сэргийлэх ангийн дарга, дэд хурандаа Данзандоржид сайдын үүргийг танилцуулан, ажлаа хүлээн авсан байна. Сэргийлэх ангийн дарга даруй нэгэн эрхэмийг дуудсан нь ахлах мөрдөн байцаагч, дэслэгч Нямдагва. Ангийн дарга залуухан дэслэгчид хандан  “1969 онд Уньт суманд гарсан хүн амьны эзэнгүй хэрэг”-ийг шинээр томилогдон ирж буй эрүүгийн ахлах төлөөлөгчид хүлээлгэн өгөөд хамтарч ажиллахыг үүргэдэв. Ахмад тэрхүү хавтаст хэргийг дөрвөн хонож уншиж, танилцаад нэгэн бодол төрсөн нь “хэргийн газрын үзлэг маш муу хийгдсэн. Баримт материал хангалтгүй, багагүй ээдрээтэй хэрэг байна даа” гэхтэй зэрэгцэн “илрүүлж болох л хэрэг байна даа” гэсэн бодлоор ажлаа эхлүүлсэн ахлах төлөөлөгчийн анхаарлыг Булган аймгийн Уньт бригадын малчин ахан дүүсийн дунд болсон энэхүү хэрэг татах нь зүйн хэрэг биз ээ.

Хэрэг ийн эхэлж… Хохирогч Авир нь тогтсон гэр бүлгүй учир ах дүүсийнхэнээ бараадан ганцаараа амьдардаг нэгэн байжээ. Хэрэг гардаг тавдугаар сарын 2-ны шөнө ах Жавындаа орж гурвуулаа хөзөр тоглосон байдаг. Тэр хотны малчдын хувьд зав чөлөө л гарвал ийнхүү нийлж байгаад хөзөр тоглох нь олон. Үүндээ ч тэд дуртай байж.  Тухайн үдэш тоглоом наадам хавтгайрч, хохирогч Авир хэдэнтээ ах Жав болон түүний эхнэрийг дараалан хожиж, хожсондоо хөөрч, тэдний хор шарыг малтан маажирч багагүй тохуурхаж, тоглож байгаад гэртээ орж унтахаар явж. Харин түүнд хор шараа малтуулан, хорон үгэнд нь багагүй “идүүлсэн” ах,бэргэн хоёр нь ихэд бухимдсаныг анзаараагүй бололтой.

 Тиймээс шөнө 01.00 цагийн орчим унтаж амрахаар гэртээ орж, лаагаа барин ороо засан тухалсан тэрбээр хаалганы гадна торжигнох чимээ гарахад хар буруу саналгүй шууд очсон ч гарахаас түдгэлзэн хэдэн хором чимээ чагнах тэр үед хаалганы тотгоор бууны ам цухуйж, хохирогчийн цохонд буудаж орхисон байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр цохондоо тулгаж буудуулсанаас болж нас барсан хэмээн гарч, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хэвээр хөшиж нас барсан хохирогчийн ах Жав болон түүний эхнэр Дуламжав нар “миний дүүг гаднаас ямар нэгэн хүн ирж амийг нь хөнөөсөн. Миний дүү манайхаас гарсанаас хойш удаагүй, буун дуу тасхийж, морины давхих төвөргөөн сонсогдсон” хэмээн мэдүүлсэн байдаг. Тэд уг мэдүүлгийг олон дахин давтаж, мэдүүлэг авах болгонд үгийн алдаагүй давтаж байсан  ч хэргийг шалгасан ахлах төлөөлөгчид “нууц аллага болснор гарцаагүй” гэсэн дүнэлт өөрийн эрхгүй төрөөд байж.

Хавтаст хэргийг хэдэнтээ уншсан ч ахлах төлөөлөгчийн анхаарлыг татсан өөр нэгэн сэжүүр гарч ирсэн нь сэжигтэн Жавын төрсөн хүү Энхээгийн “Ахыг гэрээс гарсаны дараа аав маань ширээн дээр байсан лаагаа үлээж унтраагаад хэвтэх шиг болсон. Гэсэн ч удаа ч үгүй орны толгойн тэндээс ямар нэгэн юм аваад гарах шиг санагдсан. Миний нүд анилдаад нойр маш их хүрч байсан тул сайн мэдэхгүй байна. Өглөө босоод харахад аав гэртээ хоноогүй бололтой байсан. Үүрээр адуундаа явсан ч байж мэднэ”. “Ахад буу байдаггүй. Харин миний аав бол буу байдаг. Байнга орны шургуулганд хийчихдэг байсан. Авир ахыг алсан эсэхийг мэдэхгүй, бид унтсан байсан. Өглөө босоод л ийм явдал болсныг мэдсэн” гэх мэтээр мэдүүлсэн байдаг. Хамгийн гол нь Энхээ насанд хүрээгүй, хүүхэд хэмээн тэмдэглэгдсэн байв.

Сэжигтэн Жавынхаас 400-гаад метр зайтай газар Буниа гэдэг айл байжээ. Хөрш Буниа “шөнө дундаас хойш манай гэрийн хойгуур морин туурай пижигнээд явчихсан. Би тэр чимээнээс болж сэрсэн ч ямар нэгэн бууны дуу сонсоогүй” хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Бууны дуу сонсоогүй байж, морин төвөргөөнийг сонссон саахалтын залуугийн мэдүүлгээс хашир төлөөлөгч гурван гэрийн дунд нэгэн нууц байгааг гадарлаж, анзаарсанаар ээдрээтэй хэрэгт Жав, Дуламжав нарыг холбогдуулан шалгахаар шийдвэрлэж. Мөн төлөөлөгчийн туслалцаа хүссэн хүсэлтийн дагуу НАХЯ-ны сайд эрүүгийн хэргийн манлай төлөөлөгчдийн нэг хурандаа Д.Чулуунбатыг хэргийн газар ажиллахыг үүрэгдэж. Хурандаа хэргийн түүвэртэй танилцаж, төлөвлөгөө боловсруулан, зарим зүйл дээр заавар зөвлөгөө өгөн нутгийн айлуудаар хамтдаа явж, иргэдтэй уулзан учир битүүлэг аллагын талаар багагүй мэдээлэл цуглуулав.

Ингээд хурандаа “Жав, Дуламжав хоёр маш сэжигтэй байна. Айж байгаа боловч түүнийгээ их нууж байгаа нь анзаарагдлаа. Чиний дэвшүүлсэн гол санаа чинь зөв, цааш нь үргэлжлүүлэн баримтжуулан шалгах нь маш чухал” хэмээн зөвлөжээ. Харин нөхөр Жав, эхнэр Дуламжав нар үгийн зөрүүгүй мэдүүлэг өгч байснаар барахгүй, ямар ч ажиг сэжиггүй байдлыг үзүүлэхийг хичээх тусам төлөөлөгчийн сэжиг улам нэмэгдсээр… тун удалгүй, нэг удаагийн байцаалтаар Дуламжав эхнэр “миний төрсөн дүү Нансал алчихсан юм. Түүнийг миний нөхөр Жав мэдэж байгаа. Хурдан морийг нь авах гээд шуналтаад хөнөөчихсөн” хэмээн мэдүүлсэн байна.  Гэтэл энэ мэдүүлгийг нөхөр Жав нь бас үг гээлгүй давтан хэлэх нь тэр. Тиймээс дээрх мэдээлэлд үндэслэн Нансалыг саатуулан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Гэтэл Нансал хэргийг огт хүлээсэнгүй. Бүр нийслэл рүү авчран мөрдөнд хориод ч хэргээ хүлээсэнгүй, түүнд хүлээлгэх үндэслэл ч байхгүй болж талан сэргийлэх арга хэмжээг цуцалжээ. Харамсалтай нь Нансал удаан хугацаагаар мөрдөн саатуулагдсанаас сүрьеэ өвчин нь сэдэрч бие нь муудсаар суллагдаад сарын дараа нас барсан байна.

Тиймээс Дуламжавыг дахин саатуулах болж. Гэтэл Дуламжав, “дүү минь нас барахын өмнө амин үгээ эгчдээ хэлсэн. Тэр Авирыг алснаа хүлээсэн. Өөр хүнийг битгий хэлмэгдүүлээрэй, аминчлан гуйж байна” хэмээн уйлан дуулж. Харин түүний энэ байдал илүү сэжигтэй байсан учраас төлөөлөгч Гунаажав сэжигтэн Дуламжавыг хорин, нөхрийг нь байцаалтад дуудсан байна. Тэрбээр “эхнэр чинь чамайг хохирогчийг хөнөөснийг хэлсэн, одоо хэргээ хүлээ” гэхэд Жав хэсэг уйлж сууснаа “Одоо больё, би дүүгээ  сүнсгүй гүжирдэж, эцэс сүүлд нь тэр амиа алдлаа. Чин үнэнийг хэлэхэд манайхны холын хамаатан Базар хохирогч Авирыг хөнөөсөн” хэмээн баталж, мэдүүлэг өгчээ.

Сэжигтэн Базарыг баривчлан 14 хоног мөрдөнд саатуулан шалгав. Хэдийгээр Базар нь нутагтаа нэр хүнд муутай, танхай этгээдэд тооцогддог ч хэрэг гарах үед гаднаа морьгүй, бие нь тааруухан хэвтэрт байсан нь нотлогдож. Гэтэл эхнэр Дуламжав, нөхөр Жав нар үгсэн дайрч, “Базар худлаа ярьж байна. Худлаа донгосч байна. Баашлаад л маргааш нь гэртээ хэвтсэн биз. Өмнө нь нэг удаа Авирыг алах гэж дайрахад нь бид салгасан юм” гэх зэргээр улайран гөрдөх болж. Ингээд гадны гэрчийг байлган тэр гурвыг нүүрэлдүүлэх болсон байна. Нүүрэлдүүлэхэд Базар агсран дайрч “хууль үнэн мөнийг олно, та нарын нүгэл нүдээрээ гарна. Төрсөн дүүгээ хүртэл нөхөртэйгээ нийлэн гүжирдэн алчихаад бусдыг дахин гүжирдэж байгаа та нарт сэтгэл байна уу. та хоёрт гүжирдүүлэн үхэхгүй шүү. Миний толгойг амар залгихгүй” гэх мэтээр цамнаж гарч.

Харин Жав болон Дуламжав ямар ч цочролд орсонгүй. Тэр бүү хэл Базарыг шоолон инээлдэн тохуурхаж байв. Нүүрэлдүүлсэний дараа Жав мэдүүлгээ өөрчилж “Авир өөрийгөө буудаж алсан” хэмээснийг эхнэр Дуламжав нь мөн л баталж. Хамгийн сонирхолтой нь тусдаа хоригдож байгаа атлаа хэд хоногийн дараа хэн нэг нь мэдүүлгээ өөрчлөхөд нөгөөх нь яг адилхан мэдүүлж байдаг нь гайхлыг их төрүүлдэг байжээ.

Энэ хэрэг үргэлжилсээр Жавын хүү Энхээ насанд хүрчээ. “Ах чинь нас барсан шөнө аав чинь лаа унтраагаад хэр удаж байж орж ирсэн бэ” гэсэн асуултад “бид унтаж байсан, мэдэхгүй, нэг л мэдэхэд гаднаас сүр сархийн нэг хүн гаднаас орж ирэхээр нь би хэн бэ гэхэд аав би байна л гэх шиг болсон. Би аавынхаа дууг танилгүй яах вэ” гэсэн байна. Тиймээс хүү Энхээд нь 6-7 хүний дууг таниулахад ганцхан аавынхаа дууг шууд таньж байж.  Үүнээс гадна хүү Энхээгийн “тэр шөнө би унтахдаа халар морио гэрийн ойрхон газар аргамжсан. Гэтэл өглөө сэрэхэд аргамжаатай морь алга байсан. Хайгаад явтал аргамжаагаа таслаад холдсон байсан. Морин дээрээ очиход сэртэлзээд чимээрхэж, үргээд байсан, мөн манай гэрийн үүдэнд дэвссэн байдаг адсага хэд тасарсан хээр хэвтэж байсан” хэмээн мэдүүлэг өгчээ.

Хэргийг нягталж шалгаснаар тухайн хэрэг гардаг шөнө Жав аргамжаатай морины сүүлнээс адсага зүүн үргээж, морин төвөргөөний дуу гаргасаныг тогтоож. Ингэж гаднаас морьтой хүн ирж Авирыг буудчихаад зугтаасан болгохоор төлөвлөсөн нь хэд хэдэн баримтаар хөдөлбөргүй нотлогдож. Сэжигтэн этгээд Жав хохирогчийг буудаж хөнөөсөн хэргээ нуух гэж хэрэг гарсаны дараа шууд сумын төв орж, архидсаар гэртээ хоноогүй дүрийг эсгэж. Түүгээр барахгүй хохирогчийг нас барсан талаар дуулгахад ихэд уйлан мэгшиж, морины хурдаар гэртээ давхин ирж бөөн шуугиан тарьж, учир мэдэхгүй гэнэн цайлган хүмүүсийг төөрөгдүүлэн залилсаныг тогтоожээ. Ийнхүү тоглоомд хожигдож уурласнаар шалтаг болгож шуналыг нь хөдөлгөсөн хурдан морийг нь авахын тулд хөөрхий залуугийн амийг хөнөөснийг бүхий л баримтаар нотлоход бүр хэргээ хүлээсэн Жав, нөхрөө хамгаалсаар хэргийг улам хүндрүүлж дахин нэг хүнийг амь насаа алдахад хүргэсэн эхнэр Дуламжав нарт Булган аймгийн сум дундын шүүхээс оногдох ялыг нь ногдуулж, ээдрээ ихтэй хэргийг ур чадвараа гарган уйгагүй ажиллан илрүүлсэн эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад С.Гунаажавыг малын хулгайн гэмт хэргээр гаршсан, туршлагатай ажилтнуудын нэг хэмээн хамтран зүтгэж байсан нөхөд нь өнөө хэр үнэлдэг юм билээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.