“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ төрийн төлөөллөөс бүрдлээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-аас Засгийн газарт тогтоолоор үүрэг болгосон.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдааны үеэр УИХ-ын уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь  төрийн төлөөллөөс бүрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын  даргаЦ.Ням-Осор нарт даалгасан юм.   Энэ дагуу  “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.

Хурлаар тус компанийн 49 хувийг “Монголзэс” корпорацаас төлөөлж байсан Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-өөс чөлөөлжээ.

Тэдний оронд буюу өмнө нь тус компанийн ТУЗ-д төрийн төлөөлж байсан дөрвөн гишүүн дээр нэмээд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж нарыг томилсон байна. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ын долоон гишүүн долуулаа төрийн төлөөлөөс бүрдэж,  тус компани төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс зуун хувь төрийн өмчийнх болж байгаа юм.

Т.МӨНХ

+ There are no comments

Add yours