Шинэчлэлийн Засгийн газрын хэрэг эрхлэгч газрын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс таван толгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гуравдахь өдрөө үргэлжилж байна. Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа шүүх хурал өчигдөр нотлох баримт шинжлэн судалсан, шүүгчдийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн билээ.

Шүүгдэгчдийн хувьд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлахдаа шүүгчдэгч Г.Дэнзэнгийн эхнэр Ч.Уянгын нэр дээр бүртгэлтэй “Говь повер” ХХК-г иргэн Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан. “Эрдэнэс таван толгой” ХК-аас 5.3 тэрбум төгрөгийг “Говь повер” ХХК-ийн данс руу шилжүүлэн авсан гэх хэрэгт буруутгасан.

Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа шүүх хуралдаан бичгийн болон бусад нотлох баримтыг шинжлэн судлах явцаар эхэлсэн гэдгийг албаны эх сурвалж өгүүлсэн. Ингээд шүүгчийн танилцуулсан ялын тогтоолд Г.Дэнзэн нарын холбогдсон 17 тэрбумын хэрэг гэдэг нь юу вэ гэдгийг тодруулъя. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалсан тендерт Г.Дэнзэн эхнэр Ч.Уянгынхаа нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанийг иргэн Д.Баярмаагийн нэр дээр оролцуулж, ялуулсан гэж түүнийг буруутгасан. Улмаар тендерийн шалгаруулалт дууссаны дараа 17.5 тэрбум төгрөгийн урьдчилгаа болох 700 сая төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас шилжүүлэх тушаалыг тухайн үед “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь гаргасан байдаг.

Үүний дараа иргэн Т гэгч Г.Дэнзэн, Д.Баярмаа нарыг “Эрдэнэс Тавантолгой”-гоос зарласан тендерийг гүйцэтгэхээ больж, үүний улмаас 5.3 тэрбумын хохирол учирсан гэж шүүхэд гомдол гаргасан аж. Уг нэхэмжлэлийг нь “Эрдэнэс Тавантолгой”-н хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Төгсбаяр зөвшөөрч, 4.8 тэрбум төгрөг шилжүүлэн, эвлэрлийн гэрээ байгуулсан гэдэг. Гэтэл шүүгдэгч Г.Дэнзэн анхны мэдүүлэгтээ “Говь повер” компанийн захирал Д.Баярмаа, хувьцаа эзэмшигч Баярхүү нарыг танихгүй, “Говь повер” компанид хамааралгүй гэж мэдүүлж байжээ.

Энд нэгэн зүйлийг сануулахад, аливаа шүүх хурлыг нээлттэй явуулах нь гарч болох хардлага сэрдлэгийг ил болгодог давуу талтай. Бүх зүйл олны өмнө нээлттэй байна гэдэг сайхан ч зарим талдаа шүүх хуралд оролцож буй хүмүүсийг хэн нь хэн бэ гэдгийг шууд харуулчихдаг гэмтэй. Ийн хэлэх болсон нь ч учир нь өчигдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 29-нд хуралдсан шүүгдэгч нарт холбогдох хэргийн хоёр дахь өдрийн хуралдаан дээр шинжээчийн дүгнэлтийг хэлэлцэж, нотлох баримтыг шинжлэн судалсан дүгнэлтийг хэлэлцэх үеэр тус хэргийг шинжлэн дүгнэлт, тайлан гаргасан шинжээч Б.Соёлмаагийн үйлдэл олон хүний дургүйцлыг хүргэж байлаа.

Аливаа шүүх хуралд шинжээчийн гаргасан дүгнэлт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс тухайн хэргийн гол зангилгааг тайлах үндэслэл шинжээчийн дүгнэлт байх нь аргагүй. Гэтэл энэ хэргийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн асуудалд хандаж байгаа байдал олон хүний бухимдлыг төрүүлж байлаа. Тодруулбал, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн улсын яллагч яллах дүгнэлт үйлддэг. Тиймээс аливаа хэрэгт буруутгагдаад буй иргэдийн хувь заяаг шийдэх гол үндэслэл болдог учиртай. Гэтэл гаргасан дүгнэлтээ ямар эх сурвалж, баримт үндэслэн гаргасан гэдгээ бусдад тайлбарлан ойлгуулж мэдэхгүй, зах зээлийн үнээ судлаагүй “алибаба” гэдэг сайтаас авсан үнээр тооцоолж дүгнэлт гаргасан гэдэг тайлбартай шинжээч шүүх хуралд оролцсон нь уг хэрэгт улс төрийн нөлөө дэндүү их байна гэдэг хардлагыг олны дунд ил цагаан төрүүлж орхисон юм.

Тиймээс, шүүгдэгч Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг шинжлэн судалсан Б.Соёлмаа шинжээчийн өмгөөлөгч нарын асуусан асуултад хариулахдаа багагүй сандарч, удаа дараа алдаа гаргаж байсан нь олон хүний анхаарал татаж бухимдлыг төрүүлж байв. Тэрбээр газрын үнэлгээг гаргахдаа 2008 онд 1мкв газрын үнийг 6340 төгрөгөөр бодсон бол 2013 онд 4000 төгрөг болгон бууруулж үнэлсэн байв. Харин хэдэн тэрбум ам.доллараар үнэлэгдэх баялагтай газар бүү хэл айлын хашааны газар хүртэл өдөр хоногоор үнэ нь өсч байгаа цаг үеийг ийм хариуцлагатай хэрэг дээр ажиллаж байгаа шинжээч анзаарч, тооцоолоогүй байж болохгүй билээ. Түүнчлэн яллах дүгнэлт үйлдэх нотлох баримт дээр газрын хэмжээг буруу бичсэнээ “Би андуурсан байна. Миний буруу” гэдэг байдлаар булзааруулан өнгөрүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуусан асуултад бүдэрч, 200 тоннын пүүг үнэлэхдээ зах зээл дээр хэдэн төгрөгөөр борлуулж байгааг судлаагүй байдлаараа илтгэж байв.

Түүний хайхрамжгүй байдал үүгэр дуусаагүй бөгөөд “Салхины хаалт” гэж бичих ёстой зүйлийг хашаа гээд биччихжээ. Энэ бас миний алдаа байна. Миний баримтууд ажлын архивт байгаа. Хавтаст хэрэгт хавсаргаагүй болохоор та нар ойлгохгүй байх шиг байна” гэсэн бүр ч ойлгомжгүй хариултыг шүүхийн танхимд ярьсан түүнээс “Б.Соёлмаа шинжээч ээ! Та ямар сургууль төгссөн, ямар мэргэшилтэй хүн бэ. Яг үнэндээ та өнөөдөр шинжээч үү, хөрөнгийн үнэлгээчин үү гэдгээ ч ялгахгүй байна шүү дээ. Таны шинжилгээ хийсэн тайлан, дүгнэлтийг чинь үндэслээд энэ олон хүн олон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдоод шүүхийн өмнө шүүгдэж байна. Энэ бүхнийг ойлгож мэдэж байгаа биз дээ” хэмээн асуухад хүргэсэн.

Харин “Би технологич мэргэжилтэй хүн. 1997 онд мэргэжлийн үнэлгээний сургалтад сууж, үнэлгээчин болсон. Үүнээс хойш дунд нь хэсэг завсарлаад энэ ажлыг хийж байгаа. Харин одоо энд гаргасан дүгнэлтээ тайлбарлахыг хичээж байна. Зарим нэгэн зүйл дээр алдаа гаргасан байна” гэх хариултыг өгсөн түүнийг шинжээч өөрийн хийж, судалж гаргасан тайландаа тусгагдсан баримтуудыг тайлбарлаж чадахгүй, ээрч мууран, өмгөөлөгч нарын асуусан асуултад хариулт өгөхөөс татгалзаж байгаа нь хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэсэн итгэлийг эргэлзээнд оруулж байна хэмээн шүүгдэгчдийн ар гэрийнхэн бухимдан өгүүлж байсан юм.

Шүүх хурал үргэлжилж байна…

Сэтгүүлч С.Саянаа

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.