Археологийн олдвор хүлээлгэн өгсөн иргэдэд талархал илэрхийлэв

БСШУС-ын сайд Ж.Батсуурь хөдөө, хээрээс олсон түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль тогтоомжийн дагуу төрийн өмчлөлд шилжүүлж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн малчин Н.Дандар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот багийн иргэн Г.Батгэрэл, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн малчин Г.Далай нарыг энэ сарын 24-нд хүлээн авч уулзан талархал гардуулж, мөнгөн шагналаар урамшуулав.

Н.Дандарын хувьд 2008 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг, Жаргалан уулын орчмоос эртний хадны оршуулга олж, сумын дунд сургуулийн багш н.Энхтөрөөр дамжуулан мэргэжлийн судлаачдад мэдэгдэж, иртэл нь харж хандан хамгаалж байжээ. Тэрхүү хадны оршуулгаас эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан руни бичээс бүхий хөгжмийн зэмсэг зэрэг ховор нандин олдворууд олдсон юм. Харин Г.Батгэрэл нь 2016 онд өөрийн эцэг өвгөдөөс уламжилж ирсэн Түрэгийн үеийн ваарыг Монголын Үндэсний музейд, Г.Далай нь 2016 онд малын бэлчээр дээрээс олсон Уйгарын үеийн ваарыг 2017 онд БСШУСЯ-нд үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн юм. Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь, “Палеонтологи, археологийн олдвор бол төрийн өмч, түүнийг олж илрүүлсэн бол төрд өгөх учиртай. Сүүлийн жилүүдэд санаатай болон санамсаргүй олж илрүүлсэн зүйлсээ төрд өгөлгүй, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн зарж үрэх явдал багагүй гарах болсон ийм цаг үед та бүхэн олон нийтэд үлгэрлэж сайн үйлс бүтээсэнд талархаж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Уулзалтад БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд болон холбогдох бусад албаны хүмүүс байлцлаа гэж тус яамнаас мэдээллээ.

+ There are no comments

Add yours