Хотын дарга Туул голоос хайрга олборлохыг хориглосон шийдвэр гаргав

Хотын бүтээн байгуулалтад голын хайрга биш, уулын дайрга ашиглана хэмээн Нийслэлийн Засаг дарга С.Батболд  өнөөдөр мэдэгдлээ.

Тэрээр  нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулсан юм. Тодруулбал түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээгүй, хууль зөрчиж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүтээн байгуулалтын улирал эхэлж байгааг үл харгалзан зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлахаар болжээ.

Хотын дарга С.Батболд хэлэхдээ, “Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа хайрга, дайргыг 100 хувь нийслэлийн нутаг дэвсгэрээс бэлтгэж байна. Олборлох зардал багатай гэдгээр нь хайргыг түлхүү ашигладаг. Туул голын сав газраас хайргыг ихээр олборлож байна. Энэ байдал нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна. Хотын удирдлагууд өнгөрсөн хугацаанд тодорхой газруудаар явж шалгалт хийсэн. Ялангуяа ХУД-ийн нутаг дэвсгэр дэх Туул голын сав газар түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтод өртсөн, нөхөн сэргээлт хийгдээгүй, нүд хальтрам байдалтай болсон. Тиймээс  цаашид нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооно. Голын ай сав газар олборлолт хийхийг хориглосон 70 гаруй лицензтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох ёстой. Үүнд НМХГ хяналт шалгалт хийгээд лицензийг нь цуцлах арга хэмжээ аваач гэдгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Харин голын голидрол буюу хуулиар заасан хэмжээнээс гадна олборлож буй 11 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулах бөгөөд эдгээр компаниудад нөхөн сэргээлт хийх шаардлага хүргүүлсэн. Захирамжаар Улаанбаатар хотын суурьшлын бүсийг шинэчлэн тогтоосон. Цаашдаа энэ бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох, ашиглах зөвшөөрөл олгохгүй.Одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттай зогсооно. Нийслэлийн суурьшлын бүсэд зөвхөн хүн эрүүл амьдрах орчныг л бүрдүүлэх ёстой.” гэв.

Ашиглалт явуулж буй  аж ахуйн нэгжүүд Байгаль орчны төлөвлөгөөний биелэлт нөхөн сэргээлтийн ажлын тайлангаа Нийслэлийн Байгаль орчны газарт ирүүлэх ёстойгоос 2016 онд 88 аж ахуйн нэгжээс ердөө 14 аж ахуйн нэгж өгчээ.

+ There are no comments

Add yours