Нийт нутгийн 40 гаруй хувь нь цастай  хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.

 Өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар ихээхэн цас орж, цасан болон шороон шуурга шуурсны улмаас 98 хүн төөрч, 17 аймгийн 154 суманд өвөлжилт хүндэрч байсан бол өнөөдрийн байдлаар хаваржилтын нөх­цөл байдал 50 хувиар сай­жирчээ.

Он гарсаар  улсын хэмжээнд нийт 180 мянган мал хорогдоод байгаа аж.  Энэ нь нийт малын 0.3 хувийг эзэлжээ. Хамгийн их  малын хорогдолтой аймгуудад Хөвсгөл, Архангай, Хэнтий орсон байна. Тухайлбал Хөвсгөл айм­гийн хэмжээнд 50 мянга гаруй тоо толгой мал хорогдсоноос  Цэцэрлэг сум нийт хорогдлын 50 хувийг эзэлжээ.

Энэ тухай ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун ярихдаа, “Цэцэрлэг суманд сүүлийн хэдэн жил үзээгүй их хэмжээний цас орсонтой холбоотой малын хорогдол их гарсан. Тус суманд өнгөрсөн оны 11 дүгээр сард очиж эрсдлийн үнэлгээ хийсэн. Тухайн үед цас тал нутагтаа 20-30,  ууландаа 40-50 см зузаантай, нягтаршил ихтэй байсан учир зудын зэрэглэлд оруулсан. Засгийн газрын  тогтоолоор Цэцэр­лэг сумын малчдад нэг автомашин, 20 тонн өвсийг үнэгүй, 20 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгосон. Мөн МУЗН-ээс 20 өрхөд 345 мянган төгрөгийн үнэ бүхий эд, материа­лын тусламж үзүүлэв. Түүнчлэн “Малчиддаа тус­лах сайн санааны аян”-ы хүрээнд тусламж хүргүүлэхээр ажиллаж байна” гэв.

Сүүлийн үед орсон их хэмжээний цас болон гэнэтийн дулаарлаас болж шар усны үер буух аюул нүүрлэж болзошгүй гэдгийг албаныхан хэлж байна. Өвөл цас ихтэй байсан Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Хэнтий аймгийн хойд хэсэг, Дорнод аймгийн зүүн талын сумдад шар усны аюул нүүрлэх эрсдэл байгааг анхаарууллаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.