“Залуу малчдаа дэмжин аян”-ы төслийн баг Монгол орноо тойрчээ

УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулгын санаачилсан “Залуу малчдаа дэмжих аян” төслийн баг Монгол орноо бүтэн тойрч дууслаа.

Төслийн хүрээнд нийт 21 аймагт ажиллах төлөвлөгөөтэй байсан ч Сүхбаатар аймагт хорио цээр тогтоосны улмаас 20 аймагт биечлэн ажилласан байна. Нийт 24 хоногийн хугацаанд 8 мянга гаруй км туулж, 108 удаагийн уулзалтаар 30 гаруй мянган хүнтэй 150 цаг уулзаж, УИХ, Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, иргэдийн асуултад хариулж санал бодлоо солилцжээ.

Төслийн баг 19 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан бөгөөд Удирдлагын академийн сонсогч төгсөгчдийн холбоо /УАСТХ/, JCI CHARMEN, Монголын морин спорт залуу уяачдын холбоо /ММСЗУХ/, хэвлэл мэдээлэл, Монгол поп опера Увертюра хамтлаг багтсан. Тэрээр аяны хүрээнд 20 аймагт ММСЗУХ-ны салбар зөвлөлийг байгуулжээ.

Монгол төрийн наадмыг гурвантаа нээсэн Монгол поп опера хамтлаг УИХ-ын гишүүн Д.Гантулгын ивээл дор анх удаа 21 аймгийг бүтэн тойрч дуунд дуртай Монгол түмэндээ “Монгол минь” тоглолтоороо бэлэг барьсан юм. Тус хамтлаг нийгмийн хариуцлагын талаасаа ашгийн бус тоглолт зохион байгуулж 10000 ширхэг цомог иргэддээ бэлэглэжээ. Нэг аймагт 4-5 удаа арга хэмжээнд оролцож, мөн нэг аймагт өдөрт 1000-1200 иргэнд ая дуугаа өргөсөн байна. Аймаг бүрт нэг залуу малчин өрх сонгож 50 эм төлөг хандивласан юм. Нэг өрх айл багадаа хоёр ам бүлтэй гэж тооцвол  Монгол Улсын 40 иргэний амьжиргаа санхүүгийн эх үүсвэр, ажлын байрны асуудлыг нь шийджээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга, төрийн албан хаагчдад ирэх намрын чуулганаар шинчлэгдэн батлагдах төрийн албаны хууль болон төрийн албан хаагчийн ёсзүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж Монгол төрийг чадавхижуулах, Монголоо давсан эрх ашгаасаа салах  зэрэг сэдвээр лекц уншжээ. Харин оюутнуудад сонгосон мэргэжилдээ үнэнч байх, өөрийнхөө боломж бололцоог бүрэн гаргаж суралцах,  чадварлаг боловсон хүчин болохын тухайд, сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, аймаг орон нутгийн ирэх жилүүдийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, УИХ-аас болон НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилттой танилцаж байж мэргэжлээ сонгох зэрэг сэдвээр лекц уншсан юм.

montsame

+ There are no comments

Add yours