Уулын чинээ цагааныг туулайн чинээ хар бүрхдэг гэдэг монголын эртний хэлц үг байдаг.  Энэхүү ярилцлагыг хийхдээ хэн нэгнийг зөвтгөж, бас буруутгах гэсэнгүй. Бага зүйлээс их алдаа гарч болдогийг, хүн их бага гэлтгүй хаана хаанаа анхаарч явах нь чухалыг л уншигчиддаа ойлгуулахыг зорьлоо. Ингээд “галын дэгээ төмрийг зэвсэг болгож зээ охиноо зодож танхайрах эмэгтэй биш гэдгийг минь шүүх тогтооно гэж итгэсэн. Миний итгэл үнэн болохыг шүүх тогтоолоо” хэмээн хоолой зангируулан өгүүлсэн Ч.Өлзийтмаа гуайн яриаг уншигчиддаа хүргэе.

            -Зээгээ зодсон эмээгийн хэрэг гэхээр их хүнд сонсогдлоо, бас анхаарал ч их татлаа?

-Би зээ охинтой юм. Бусдын л адил охиноо зөв хүмүүжилтэй, сайн хүн болгохын төлөө зүтгэдэг эх хүн. Тэр нэг өдөр бухимдсанаасаа болоод охиндоо гар хүрчихсэн юм.  Гар хүрэхдээ хатуу хүрчихсэнээ одоо ойлгож байна, эгч нь. Зөрүүдлээд, үгэнд орохгүй байгаа охиноо хашраах санаатай галын дэгээ төмрөөр цохьчихсон юм. Зээ охиндоо ингэж хатуу хандсан миний түмэн буруу. Гэхдээ хашраая гэснээс зодож, гэмтээх зэрэг хар санаа агуулаагүй юм аа, эгч нь.

-Уучлаарай, гэвч ийм байлаар ёвруулаагүй өссөн  монгол хүүхэд ховор санагдана. Яагаад ийм хүнд байдалд хүрчихсэн юм бэ?

-Охины уйлахыг сонсоод хажуу айлын хүн цагдаад дуудлага өгчихсөн юм билээ. Цагдаагийн алба хаагчид дуудлагаад ирээд намайг баривчлаад, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Цаг хугацаа харвасан юм шиг л өнгөрч, зээгээ сургах гэсэн эмээгийн асуудал эрүүгийн хэрэг болж чангарсан. Маш аймшигтай, түгшүүртэй байсан.

 -Таныг танхайрсан, бүр зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдэг үндэслэлээр ялласан байна?

 -Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлээр танхайрах гэмт хэргийг үйлдсэн хүнд ял оноодог юм байна. Хуулийн 181.3-т “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна лээ. Галын хайчийг минь зэвсэг гэж ялласан гэж ойлгосон.

-Зээ охин тань танд гомдолтой гэж мэдүүлсэн юм уу. Гэмтэл нь хэр байсан бэ?

 -Миний өсгөсөн охин шүү дээ. Бид хоёр амь нэгтэй. Эмээгээ ширүүллээ гэж хууль цагдаагаар явах хүмүүжилтэй хүн биш. Охин минь цагдаа дуудлагаар ирэхэд хүртэл “Би яагаа ч үгүй. Эмээг минь битгий авч яваач” гэж гуйж байсан. Хэрэг шийдэгдэж дуусах хүртэл гомдолгүй гэж мэдүүлсээр байсан. Гэмтлийн хувьд цохиулсан газар нь хөхөрсөн төдий. Шинжээч эмч хөнгөн гэмтсэн гэдэг дүгнэлт гаргасан. Гэхдээ би уураа барьж дийлэхгүй охин руугаа дэгээ төмөр далайсандаа маш их харамсч байгаа. Хууль шүүхээр явсан учраас гэмшсэн юм биш. Төрүүлсэн үр шигээ өсгөсөн охиндоо гар хүрсэндээ өөрийгөө маш их буруутгасан. Охин хүүхдэд хэлж яриад ойлгуулахын оронд ширүүлсэндээ маш их санаа зовж, бас хэцүү байлаа.

 -Прокуророос таныг ялласан зүйл ангиар бол 5-8 жил хорих заалттай байсан. Харин шүүх…?

 -Би охиндоо гар хүрсэн өдөр нь 2016 оны 3 дугаар сарын 1. Түүнээс хойш цагдаа, прокурорын үүд сахьсан. Прокурор надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэний дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны нэгдүгээр сард хэргийг хэлэлцсэн. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэдэг үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хэргийг хянаж байгаа прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байдаг юм байна. Тэр эрхийнхээ дагуу Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм билээ. Ингээд давж заалдах шатны шүүх хэргийг хянаад мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоолын хүчингүй болгосон.

-Анхан шатны шүүх хэргийг дахиж хэлэлцэхээр болсон нь ямар шалтгаантай юм бол?

 -Анхан шатны шүүх 2017 оны гуравдугаар сард хэргийг дахин хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Анхан шатны шүүх миний үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 буюу зэвсэг хэрэглэн танхайрсан гэж үзэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх намайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж үзсэн. Эрүүгийн хуулийн 99.1-д “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм билээ. Бас Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заажээ. Энэ хуулийнхаа дагуу надад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 -5-8 жил хоригдохоор яллагдаж шүүх хуралд орох амаргүй байсан байх?

-Бүтэн жил цагдаа, прокурорын хаалга сахисан хүн ямар сайн зүйл бодох билээ. Маш их айж байсан. Надаас гадна гэрийнхэн минь маш их айж, зовсон. Зээ охин минь бүр их зовж, шаналсан байх. Эцсийн мөч хүртэл найдвар тасардаггүй гэж үнэн юм билээ. Шүүгдэгчийн ширээнд зогсч байхдаа шүүхэд найдаж байлаа. Галын дэгээ төмрөөр зэвсэг хийгээд зээ охиноо зодож танхайрах эмэгтэй биш гэдгийг минь шүүх тогтоох байх гэж найдсан хэрэг. Шүүхэд найдаж, шүүгчийн чадварт итгэсэн.

 –Холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол сонсох үед та өөрийн эрхгүй уйлж байсан?

 -Их айдастай байсан болоод ч тэр үү итгэж яддаг юм билээ. Хэдийгээр шүүгчид итгэж, найдаж байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай сонсоод өөрийн эрхгүй нулимс гарсан. Шүүхээр гэмт хэрэг үйлдсэн, болохгүй нөхдүүд ордог гэсэн төсөөлөл надад байсан нь үнэн. Өөрөө шүүгдээд бодит байдлыг мэдэрлээ. Шүүх гэдэг үнэнийг тогтоодог дэнс юм байна. Шүүгчид аливаа зүйлийн учир холбоосыг нарийн тунгааж, хүний эрхийг хамгаалдаг мэргэд аж. Хүн алхах гишгэх бүртээ хянамгай байхгүй бол юунд ч хүрч болдогийг ойлголоо. Охиндоо уурлаж, хатуу хандсан минь нэг жил гаруй хуулийн байгууллагаар явж, гэр бүлээ зовоох үйлийн эхлэл болохыг мэдээгүй нь миний буруу.

Хүний үйлдлийг дэнсэлнэ гэдэг тун амаргүй ажил гэдгийг энэ хугацаанд өөрийн биеэр туулж мэдэрлээ. Бид аливаа зүйлийг гаднаас нь дүгнэж аль нэгэнд нь шууд бурууг өгч буруутгаад, эсвэл өмөөрөөд өнгөрдөг. Гэтэл шүүгч хүн бодол санаа, үйлдэл, учир холбоос гээд бүх талаас нь тунгааж, шийдвэрээ гаргахдаа ямар их ухаан зарж байдгийг мэдэрлээ. Над шиг олон хүн ийм хүнд зүйлтэй тулгарсан ч шүүхээс үнэн мөнийг нь тогтоож, зөв шударга шийдвэрлэж байдаг гэдэгт би эргэлзэхгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүхийн шинэтгэл гэж яриад байдаг. Тэгвэл тэр шинэтгэл нь үнэхээр л үр дүнтэй, өргөн хүрээнд явагдаж байгааг жирийн иргэн миний бие мэдэрлээ гэж хэлмээр байна даа.

С.Саянаа

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.