1985 оны намар Улаанбаатар хотод эрүүгийн тэр дундаа иргэдийн өмчийн хулгайн гэмт хэрэг олширч, урьд өмнө дуулдаж сонсогдож байгаагүйгээр нэмэгдэж, дарга нарын аргыг барж байсан цаг гэдэг. Нэг хэсэгхэн газраас байнга гарсан тус хэрэг нь айлуудын цоо шинэ цагаан бүрээсийг хуулж аваад явчихдаг хэрэг байж. Одоогийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Дэнжийн мянга, Ногоон нуур, Таван буудал орчмын айлуудад уг хэргийн хохирогч. Одооноос тайван цаг үе.

Намар оройн сэрүүнээр бүх л айлууд дулаалга, зузаалгаа хийж, гадна дотор цагаан бүрээсээ сольдог тэр л цаг үед 11 хоногийн хугацаанд дулаалгаа хийж, шинэ цагаан бүрээсээр гэрээ гоёсон есөн айл өглөө сэрэхэд л цоо шинэхэн бүрээс нь алга болсон байдаг байж. Тухайн үед юм ховор, тэр дундаа цагаан бүрээс бүр ч ховор, үнэтэй байсан аж. Өвлийн бэлтгэл, түлээ нүүрс гээд л мөнгө төгрөг их хэрэгтэй цаг үед дөнгөж худалдаж авсан цоо шинэ бүрээсээ хулгайд алдах нь иргэдийн хувьд амаргүй байсан биз. Мөн ижил төрлийн гэмт хэргийн үйлдэлтэй хэрэг нэг л цагдаагийн хэлтэст бүртгэгдээд байх, түүгээр зогсохгүй хэсэгхэн газар давтагдан гарах нь цагдаагийн байгууллагын нэр төр төдийгүй, дарга нарын ч сэтгэлийг зовоож, бухимдлыг нь төрүүлэх нь зүй.

Хэрэг 2-3 хоногийн завсарлагаатай байж байгаад л шөнийн цагаар үйлдэгдэж байгаа учраас дүүрэг, хотын цагдаагийн ажилтнуудын анхаарлын төвд орох нь зайлшгүй. Тиймээс уг гэмт хэргийг илрүүлэн зогсоох үүргийг дэд хурандаа Н.Рэнцэндоржид үүргэдэж.  Харин Н.Рэнцэндорж дэд хурандаа “байдаг л хэрэг юм чинь шалгаад л илрүүлчихнэ биз” хэмээн найдаж төлөөлөгч Х.Баттулгад даалгаж. Төлөөлөгч Х.Баттулга хэрэг шалгаж байхад хоёр хоногт хоёр айлын бүрээс хулгайд алдагдлаа гэсэн өргөдөл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж.

Гэртээ унтаж байгаад бүрээсийг нь хүн авч байхад мэддэггүй нь ямар учиртай болохыг хэн хүнгүй л гайхаж байсан учраас дэд хурандаа Рэнцэндорж өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцах, тандахаар гэр хорооллуудаар явж, намрын дулаалгаараа шинэ бүрээсээр гэрээ бүрсэн айлуудын тоог барагцаа ч болов гаргаж. Гэтэл Дэнжийн мянга, Ногоон нуур, Таван буудлын орчимд шинэ бүрээсээр гэрээ бүрсэн айл тийм ч олон биш байх нь тэр. Нөгөө талаар хулгайч таг чиг… тиймээс уг хэргийг өөрөө шалгахаар болж, гэмт этгээдийг барих ажлыг өөрөө хийхээр хэргийг татаж шалгаж эхлэв.

Энэ үеэр хотын цагдаагийн даргаас ажил удааширалтай байгааг дэд хурандаад анхааруулав. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аван хэргийг нэлээд шуурхай хөөцөлдөж эхэлсэн байна. Энэ ажлын хүрээнд төлөөлөгч Х.Баттулга хариуцсан нутаг дэвсгэртээ байрлаж байгаа айлуудаас шинэ бүрээсээр гэрээ бүрсэн айлуудад нэгбүрчлэн орж, анхааралтай байхыг сануулан гарын үсэг хүртэл зуруулж авч. Хэрэг ямар шатанд байгаа, илрүүлэлтийн ажил хэрхэн хийгдэж байгаад удирдлагын зүгээс анхаарч, өдөр бүр танилцаж эхлэв. Гэвч тодорхой үр дүнд хүрэлгүй долоон хоног өнгөрч байтал ганцхан шөнийн дотор хяналтын бүсд орших гурван айлын бүрээс шөнийн цагаар алга болчихов.

Цагдаагийн байгууллага багагүй цочролд орж, дэд хурандаа Рэнцэндоржид сануулах арга  хэмжээ аван гурван хоногт багтаан хэргийг илрүүлэх үүрэг өгөгдөж. Рэнцэндорж дэд хурандаа тасгийнхантай зөвлөлдөж, хэргийн газрын үзлэгүүдтэй нэг бүрчлэн танилцахад үйлдэгдсэн хэргүүдийн арга барил, цаг хугацаа, үйлдэгдсэн газар нутгийн байдал ижилхэн байгаа нь гэмт этгээд ганцаараа хэрэг үйлдэж байна гэсэн дүгнэлтэд хүргэж. Мөн гэмт этгээд машин, мотоцикл, магадгүй морин тэрэг, түрдэг тэрэг ч ашиглаж байгаа нь илт тул ийм төрлийн унааг шөнийн цагаар зорчихыг хязгаарлаж, нэг бүрчлэн шалгах ажлыг эхлүүлэх болов. Мөн шинэ бүрээс барьж байгаа айлуудын судалгааг гаргаж, хяналтдаа авах, шалгах ажлыг 24.00-06.00 цагт таван хоногийн турш тасралтгүй хийхээр тогтож, гурван групп байгуулж, ээлжилж ажиллаж эхэлжээ. Төлөвлөсөн ажил тасралтгүй хийгдсэн ч таван хоног өнгөрөхөд ямар ч үр дүн гараагүйгээс дэд хурандаа дахиад л арга хэмжээ авагдаж, удирдлагын зүгээс зэмлэл хүртэх нь тэр.

Ингээд арга өөрчилж, нэгдсэн хүчээр ажиллах болсноор хэлтсийн хэмжээнд байдаг хэдэн станцаа цуглуулан, цэнэглэж бэлтгэн гурван группдээ тараан өгч, шуурхай ажлын баг их л сүртэйгээр ажиллаж эхлэж. Гурван шөнө дараалан бөртийсөн бүхнийг шалгаж, нойргүй ажилласан ч ямар ч үр дүнд хүрсэнгүй ч шантарсангүй. Шөнө нь нойргүй ажиллаж, өдөр нь үндсэн ажлаа хийж байгаа ажлын хэсгийнхэн даарч хөрөх, ар гэрийн асуудал орхигдохыг ч юман чинээ тоохгүй ажиллаж байв.

Нэг өдөр шөнийн ажлын хэсгийнхэний шалгалтын үр дүнгийн тухай рапорт уншиж байтал “02.00 цагийн орчим бараан зах руу төв замаас салах уулзвар дээр шуудайнд аргал хийж, унадаг дугуйн дээр ачаад хөтөлж явсан хүнийг шалгасан” гэж бичсэн байх нь анхаарлыг нь өөрийн эрхгүй татаж. Үүнээс санаа  авсан дэд хурандаа овор багатай ачаа авч яваа бүх хүмүүсийг шалгах үүрэг өгч, тус бүр гурван гишүүнтэй дөрвөн групп, богино долгионы радио станцаар холбогдон ажиллах болов. Ингэхдээ өмнө ажилласан бүсийг нь өөрчилж, хооронд нь зөрүүлсэн нь шинэ орчинд группүүдээ сонор сэрэмжтэй ажиллуулахыг хүссэн удирлагын тактикыг ашиглаж.

Шөнө дунд 02.00 цагийн орчим богино долгионы станцаар  төлөөлөгч Х.Баттулгын хариуцсан группээс унадаг дугуйн дээр хоёр шуудайтай зүйл тэгнэж ачсан этгээд 56 дугаар дэлгүүрээс доош 32-ын тойрог чиглэн явж байгааг мэдэгдэж. Мэдээллийн дагуу Д.Төмөрбаатар, И.Бат-Эрдэнэ нарын групп гурван талаас нь шахаж, шалгахаар болсноор дугуйтай этгээдийг Дэнжийн мянгын зүг явж байхад нь гурван талаас нь зэрэг очиж шалгахад шуудайнд хийж тэгнэсэн зүйл нь хоёр ширхэг гэрийн бүрээс байв. Тухайн этгээдийг даруй саатуулан хэлтэст авчран шалгаж эхлэхэд сэжигтэн этгээд эхлээд бултан булзааруулж багагүй мэлзэж байсан ч эд мөрийн баримт, шалгалтын гарцаагүй дүнд үйлдсэн хэргээ бүгдийг нь хүлээсэн юм. Гэмт этгээд хулгайлсан бүрээсүүдээ дугуйгаар зөөж, Ногоон нуураас ус гадагшлуулах бетон хоолойнд нуудаг байсан бөгөөд уг газарт нийт есөн бүрээс нуусныг нь авч, иргэдийг хохиролгүй болгосон байна.

Гэмт этгээд Сүхбаатарын районы ОСГ-ын 17 дугаар хороонд оршин суугч 28 настай, эрхэлсэн ажил, сургуульгүй, ээж дүү нарынхаа хамтаар амьдардаг Бат гэгч байсан гэдэг. Тэрбээр үйлдсэн хэргийнхээ талаар “хийх ажилгүй болохоор өдрийн турш дугуй унаж сэлгүүцдэг байсан. Ингэж яваад хэрэг хийх санаагаа олсон. Тиймээс өдрийн цагаар гэр хорооллын гудамжаар явж, судалгаагаа хийгээд шөнө дунд болохоор очиж гэрийн бүрээсийг нь хуулаад авчихдаг байсан. Мэдээж, бүл муутай, хүүхэд хөгшид олонтой, хашаандаа нохойгүй, эсвэл зуудаггүй нохойтой айлыг сонгодог. Оосор бүч, татлагыг нь огтлоод авчихдаг, шөнө очихдоо эсгий гутал өмсдөг болохоор чимээ гаргадаггүй, хүмүүсийг гүн нойрсохоор нь гэрийнх нь хаяанаас эхлэн бүрээсийг нь сэм сэмхэн сугалсаар манаасаас нь гаргаад авчихдаг байсан” гэж мэдүүлсэн байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.