Өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

Өнгөрсөн мягмар гаригт Завхан аймгийн Онцгой комисс хуралдаж, Цагаанхайрхан сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. Тус сумын Цэцэрлэг багийн Орших гэдэг газар хаваржиж буй иргэн н.Цогтбаатарын охин таван настай Ц.Сувд-Эрдэнэ гэнэт халуурч, биеэр нь тууралт гарсан зовиуртай 2017 оны гуравдугаар сарын 18-ны өглөө сумынхаа эмчид дуудлага өгчээ.

Сум, багийн эмч нар өвчтөнд анхны үзлэг хийж, менингококкт халдвар гэж үзэн, Завхан аймгийн эмнэлэгт дуудлага өгсөн байна. Тус аймгийн эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж, өвчтөнд клиник онош тавьж шинжилгээ, анхан шатны эмчилгээ хийж, халууныг бууруулж, хүүхдийн биеийн байдлыг тогтворжуулжээ. Тухайн үед хүүхэд өндөр халуунтай тууралттай, зовиур ихтэй байсан аж.

Энэ сарын 20-ны өдөр өвчтөнийг Завхан аймгийн Халдвартын тасагт хэвтүүлэн анхан шатны эмчилгээ хийж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар хүүхдийн биеийн байдал тогтворжсон, цаашид оношийг баталгаажуулах нарийн шинжилгээг давтан хийх аж. Халдварт өвчний нэг тохиолдлыг дэгдэлт гэж үздэг байна. Халдварын нууц хугацаа 5-10 хоног үргэлжилдэг байна. Тиймээс энэ бүс нутагт дэгдэлтийг даамжруулахгүй байх зорилгоор гуравдугаар сарын 18-наас 29-ний өдрүүдэд хорио цээрийн дэглэм тогтоохыг тус аймгийн Онцгой комиссоос гаргажээ. Мөн Завхан аймагт гуравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд болох хурдан морины бүсийн уралдааныг цуцлах шийдвэрийг гаргасан байна.

+ There are no comments

Add yours