Томчуудын хүүхдүүдийн торгуулийн ялтай тоглоом

Томчуудын хүүхдүүдийн торгуулийн ялтай тоглоом

…Хар тамхи мансууруулах бодис хэрэглэгч, донтогч нарын нэгдсэн судалгаа, тоо байхгүй. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллээр манай улсад 5000-8000 хэрэглэгч, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтран хийсэн судалгааны дүнгээр 60000-80000 хэрэглэгч байна гэсэн зөрүүтэй тоо мэдээ байна. Тэгэхээр нэгдсэн судалгаа гаргах шаардлага байна гэсэн үг л дээ. …Цагдаагийн байгууллагын өгч буй мэдээллээр зөвхөн 2016 он гарсаар цагдаагийн байгууллага мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлтэй холбоотой 216 үйлдэл бүхий 182 хүнд холбогдох 78 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Одоо цагдаагийн байгууллагад мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлтэй холбоотой 28 гэмт хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байна.

… -Одоогоор Монгол Улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих харилцааг зохицуулахад шууд холбогдолтой 6 олон улсын гэрээ, Монгол Улсын хууль 51, УИХ-ын 4 тогтоол, Засгийн газрын 8 тогтоол хүчин төгөлдөр үйлчилдэг. 2002 онд батлагдаж, 2011 онд нэмэлт өөрчлөлт орсон “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-аар энэ харилцааг шууд зохицуулж, Эрүүгийн хуулийн 188, 192-196 дугаар зүйлд зааснаар энэ төрлийн хууль бус эргэлттэй холбогдсон зарим асуудлыг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байна.Манай улс олон улсын хэд хэдэн чухал конвенцид нэгдэн орсон болохоор олон улсын өмнө бас тодорхой үүрэг хариуцлага хүлээдэг.Гэвч байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо дутмаг, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангагдаагүй, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлдэггүй тал бий… \ эх сурвалж:www.news.mn\ хэмээн тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын албаны дарга Л.Нямгэрэл ярилцлага өгч байв.

“Хар тамхи тоглоом биш … Нэг л удаа хэрэглэчихвэл түүнээс зугтана гэж байхгүй” хэмээн Эрка хэлсэн юм. Тэрбээр мансуурдаг болоод гурван сар болж байгаа ч энэ бага хугацаа биш гэсэн. Учир нь гурван сар бүү хэл гурван удаа л татах юм уу хэрэглэчихсэн бол өөрөө хүсэхгүй ч бие нь шаардаад байдаг болчихдог аж. Энэ зовлонг биеэрээ эдэлж байгаа болохоор тэр “хар тамхи тоглоом биш гэдгийг залууст, ялангуяа юу ч хамаагүй сонирхож, хэнтэй ч хамаагүй дарвих дуртай өөрийн үеийн залууст зориулж хэлж байна” гэсэн. Эркаг харсан хэн ч мансуурдаг, морфин тарихгүй бол арай л “галзуурчих” шахдаг гэж мэдэхгүй. Учир нь тэрбээр томоохон бизнес хийдэг аав, ээжийн эрх танхи ганц хүү нь. Түүнд идэх хоол, өмсөх хувцас илүүднэ үү гэхээс дутаж байгаагүй. Харин дэндүү тансаг, дутагдах зүйлгүй амьдрал нь түүнийг хар тамхи татах сонирхлыг нь төрүүлсэн гэх. Энэ бол ганц Эрка гэх энэ залуугийн амьдрал биш бусад залууст ч хамаатай асуудал. Өнөөдөр дэлхий нийтийг ДОХ-оос дутуугүй түгшээж байгаа зүйлийн нэг бол хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний өсөлт болоод байгааг энэ талын мэргэжилтнүүд хэлж, сэрэмжлүүлж, түгшдэг. Түгшихээс ч аргагүй. Учир нь энэ оны эхний улиралд гаргасан судалгаагаар дэлхийн хүн амын 50 гаруй хувь нь ямар нэг байдлаар мансууруулах бодис хэрэглэдэг гэж гарсан байдаг гэнэ. Мөн ертөнцийн хар аюул, тахал гэдэг ДОХ-оор өвчлөгсдийн дийлэнх нь мансуурагчид буюу тариураар уг авчний халдвар авсан байдаг аж. Манай улсын хэмжээнд мансуурдаг, хар тамхи хэрэглэдэг залуусын тоо жилээс жилд улам өсч, тэдний хүрээ улам тэлж мансуурагчдын нас 12-17 болон залуужиж, өмнө нь зөвхөн үнэрлэх, уух зэргээр хязгаарлагддаг байсан бол одоо судсандаа тарьдаг болсон байна.

Нэгэн зүйлийг онцолж хэлэхэд энд дурдагдаж байгаа насны хязгаар бол зөвхөн мансуурлын эсрэг төв болон энэ чиглэлийн бусад төрийн бус байгууллагуудад албан ёсоор бүртгэгдсэн тоо юм. Харин үүнээс гадна, ямар нэг бүртгэлгүй хэчнээн хүн байгааг хэлэх ямар ч боломжгүй юм. Мөн мансуурах гэдэг зөвхөн жаралдаа ташуурсан залуусын ч ажил биш бөгөөд манайдаа нэр хүндтэй, олны танил болсон урлагийнхан, тэдний үр хүүхдүүд байдаг болсон байна. Энэ зууны хамгийн хүчтэй хор болох хар тамхийг хэрэглэгч судсандаа хэрэглэж эхэлбэл, ДОХ-ын аюулын дэргэд байна гэсэн үг. Өнөөдөр дэлхий нийтэд ДОХ-той хэмээн бүртгэгдсэн 30-40 сая хүний дийлэнхи хувь нь тариураар халдвар авсан байдаг аж. Харин азтай тохиолдлоор энэ байдал манайд байхгүй байгаа ч хамгийн өндөр эрсдэлтэй улс оронд тооцогдох болсон. Нөгөө талаар манайхаас өөр ямар ч улс оронд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт торгуулийн ял өгдөггүй боловч манайд татдаг тамхиных нь үнээс ч хямд торгууль оногдуулдаг нь харамсалтай.

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.