Эмч нарт урамшууллын цалин олгодог болно гэв

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ИТХ-ын гишүүд “Иргэдээ сонсъё” нэг сарын аяны хүрээнд энэ сарын 17-нд Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцан эмч, ажилчдын саналыг сонсов.

 ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Бодьцэцэг манай эмнэлгийн хувьд үйл ажиллагаа хэвийн, шинээр хэрэгжсэн сорьц тээвэрлэлтийн асуудал жигдэрсэн. Өдөрт дунджаар 60 орчим сорьц ирдэг, нийтдээ 12600 гаруй хүнд хүрээд байна. Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачааллыг мөн хэмжээгээр бууруулж, иргэдийн талархлыг хүлээж байгааг хэллээ. Түүнчлэн тэрээр дүүргийнхээ 160 мянга орчим хүн амд эрүүл мэндийн тусламжийг хүргэхэд эмнэлэгтээ өргөтгөл хийх шаардлагатай байгааг уламжилсан юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Засгийн газрын гишүүд дүүргүүдийн асуудалтай зүгээр нэг танилцаад өнгөрөх биш тодорхой хэмжээнд асуудлуудыг шийдэж байгаа гээд, ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бариулах шийдвэрээ дуулгалаа. Мөн ХУД-т барьж байгаа, олон жил зогссон, төрөх эмнэлгийн байрны асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, концессын гэрээгээр үргэлжлүүлэн бариулахаар болсон. Тендер зарласан учраас барилгын улирал эхэлмэгц хэрэгжинэ гэдгийг хэллээ.

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа эмнэлгийнхээ үйл ажиллагаа болоод нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлаа танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эдийн засгийн хүртээмж тааруу энэ үед манай эмнэлгүүд бүхий л чиглэлээр хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь зүйтэй. Томуу, томуу төст өвчний үеэр зарим эмнэлгийн ачааллыг шилжүүлэн ажилласан нь үр дүнгээ өгсөн. Харин одоо тоног төхөөрөмжийг шилжүүлэх судалгаа хийж байна. Танай төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг шилжүүлэх байдлаар шийдвэрлэнэ. АХБ-ны дэмжлэгээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол бүхий олон улсын жишиг эмнэлгийг СХД-т барих барилгын ажил эхлэхэд бэлэн болоод байгааг хэлсэн юм. Мөн Эрүүл мэндийн сайд эмч ажилчдад урамшууллын цалин хөлс олгодог болж, олон хүний амийг аварсан, Монголд эмчлэгддэггүй байсан өвчнийг эмчилдэг болсон эмчид онцгой урамшуулал үзүүлдэг болох талаар санал гаргаад, ажлын хэсэг гаран ажиллаж байгааг дуулгасанд эмч, мэргэжилтнүүд талархалтай байлаа гэж ЭМЯ-наас мэдээлэв.

монцамэ

+ There are no comments

Add yours