Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Хан-Уул дүүрэгт ажиллав.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Хан-Уул дүүрэгт ажиллав. Тэрээр Засгийн газрын үйл ажиллагаа болон шийдвэрийн хэрэгжилттэй танилцахаас гадна тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой ийнхүү ажиллалаа. Засгийн газрын гишүүнтэй хамт Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг өргөн бүрэлдэхүүн тус дүүрэгт ажилласан байна.

Энэ үеэр сайд Д.Ганбат “Зам,  тээврийн салбар нь улс орны нийгмийн салбарт тэргүүлэх үүрэг рольтой салбар юм. Зам, тээврийн хөгжлийн яамнаас зам гүүрийн асуудлаар Нийслэлийн авто замын газар, бусад тээврийн газруудыг бодлогын хүрээнд чиглүүлж, хэд хэдэн асуудлыг хамтран шийдвэрлэх шаардлагатай. Автозамын ачаалал, түгжрэлийн асуудал, автомашинаас ялгарах хорт утааг бууруулах, эко төрлийн тээврийн хэрэгсэл нэтрүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна” гэлээ. Мөн буруу талдаа хүрдтэй автомашин болон өндөр насжилттай автомашины импортыг бодлогоор зохицуулж, шийдэх боломжтой бөгөөд үүнийг Мэргэжлийн Засгийн газар бодлогоор дэс дараатайгаар шийдвэрлэнэ гэдгийг хэллээ. Сайд Д.Ганбат Засгийн газраас хэрэгжүүлж байгаа  үйл ажиллагааг нийслэл, дүүргийн удиирдлагуудад танилцуулж, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг шийдэх зорилгоор тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцаж, хэрхэн шийдвэрлэх боломжийг судалж, цаашид хамтарч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Хан-Уул дүүргийн хувьд төмөр замын гарам ихтэйгээс гадна Энхтайваны болон Нарны гүүр хамгийн их түгжрэл үүсгэдэг бүс нутагт оршдог. Дүүрэг, хороод төрийн үйлчилгээг ард иргэдэд хамгийн ойр хүргэж, тэдний гүүр болж байдаг учир нэн тэргүүнд тулгамдаад байгаа замын асуудлуудыг Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцуулсан юм. Тус дүүргийн 4,5,6,7,8-р хорооны оршин суугчид ая тухтай амьдрахад Сонсголонгийн гүүрнээс Яармагийн зам хүртэлх 4,4 км замын төслийг хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгааг тус дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан хэлж байв. Тус автозамын  зураг хийгдсэн бөгөөд газар чөлөөлөх асуудлаас болоод хойшлогдоод байгаа юм байна. Энэ хүрээнд сайд Д.Ганбат болон холбогдох албаны хүмүүс тус замын нөхцөл байдалтай биечлэн танилцаж, цаашид хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар нарийвчлан судлахаар боллоо.

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Хан-Уул дүүрэгт ажиллах үеэрээ Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцсан юм. Нийслэл хотын утааг багасгах хүрээнд дизелээр бус хийгээр ажилладаг техник хэрэгслийг ашиглах бодлого баримтлах талаараа танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээвэрт ашиглагдаж багаа 900 гаруй автобусны 300 гаруй автобусыг автомат угаалгын газарт угаадаг. Үлдсэн 600 автобусыг жолооч нар гар аргаар угаадаг аж. Энэ талаар сайд Д.Ганбат “Нийгмийн хөгжлийг дагаад хөгжилтэй орнуудтай мөр зэрэгцэж алхах ёстой. Нийслэлийн нийтийн тээвэр, нийслэлийн автозамын газар 1995 онд Зам, тээврийн яамны харьяа удирдлагаас нийслэлийн удирдлагад шилжсэн байдаг. Салбарын яам бодлогын хүрээнд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, удирдан чиглүүлж ажилладаг ч материаллаг баазыг бэхжүүлэх, гадны орнуудын шинэ, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд тал дээр бодлогоор хангах шаардлагатай” хэмээн онцоллоо.

 http://zasag.mn/news/view/16459

+ There are no comments

Add yours