Д.Болд: Улаанбаатарын хүнд металлын бохирдлыг тогтооно

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар энэ сарын 23-24-ний өдрүүдэд “Корпорейт Конвеншн төв”-д “Монголын геологи, хайгуул” чуулга уулзалтыг ес дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ асуудлаар Монгол Улсын зөвлөх инженер, УУХҮ-ийн яамны Геологийн бодлогын ахлах мэргэжилтэн Д.Болдоос тодрууллаа.

Ес дэх удаагийн “Монголын геологи, хайгуул” чуулга уулзалтын гол агуулга юунд чиглэж байна вэ?

– Энэ удаагийн чуулга уулзалт эдийн засгийг сэргээх,  геологи уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой. Чуулга уулзалтаар хөрөнгө оруулалт, хууль эрхзүй, төрийн бодлогын талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна энэ сарын  25, 26-ны өдрүүдэд сургалт аялал зохион байгуулахаар төлөвлөсөн. Гадаадын мэргэшсэн зөвлөх инженерүүд дээрх сургалтыг удирдан явуулна. Мөн “Монголын геологи, хайгуул-2017” чуулга уулзалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход тухайн орон нутгийн иргэдэд гарч буй бэрхшээлийн талаар ярилцаж,  нэгдсэн ойлголтод хүрэх юм.

-Өнгөрсөн онд улсын хэмжээнд ямар геологийн судалгааны ажлууд хийгдэв. Энэ онд  Улаанбаатар хотын геоэкологийн судалгааг хийхээр төлөвлөсөн гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Улсын төсвөөс 9.3 тэрбум төгрөгийн өртөгөөр газрын ховор элементийн бөөгнөрөл, геологийн сэдэвчилсэн судалгааг хийж байна. Улсын төсвөөр хийж буй геологийн судалгааны ажил сэдэвчилсэн болон чиглэсэн гэсэн хоёр чиглэлээр хийдэг.

Сэдэвчилсэн судалгаанд сансрын зургийн тайлал, газрын ховор элементийн судалгааг хийдэг юм. Энэ онд геологи хайгуулын 38 ажил үргэлжлэн хэрэгжихээс гадна найман төсөл шинээр эхэлнэ. 2017 онд Улаанбаатар хотын геоэкологийн судалгааг хийнэ. Тодруулбал хотын агаар, хөрсний бохирдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн учир хүнд металлын бохирдол, бөөгнөрлийг хэмжих юм. Өмнө нь 1997, 2009 онуудад ийм судалгааг хийж байсан. Нийслэлд газар хөдлөлтийн идэвхжил эрс нэмэгдсэн шалтгааныг судалгаагаар тогтоохыг зорьж байна. Эл судалгаа гурван жил үргэлжилнэ.

-Ингэхэд улсын хэмжээнд хичнээн хайгуулын зөвшөөрөл хүчин төгөлдөр байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 1950 гаруй хайгуулын зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.

 -Гацууртын алтны ордын бодит нөөцийг  тогтоосон уу?

 -Гацуурт бол  стратегийн орд. Тиймээс Засгийн газар, салбарын яам, Ашигт малтмалын газар албан ёсны нөөцийг  тогтоолгох шаардлагатай. Тиймээс энэ гуравдугаар сард багтаж Гарцууртын алтны ордын лиценз эзэмшигчид Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд бодит нөөцийг уламжлах ёстой. Энэ талаар  “Сентерра гоулд” компанид чиглэл өгсөн.

 асгийн газар “Алт-II” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дээрх чуулганаар уг хөтөлбөрийг нэлээн онцолж байгаа гэсэн. Салбарын яамны зүгээс шинээр алтны орд нээн илрүүлэх чиглэлд ямар ахиц гаргаж байна вэ?

-Энэ  удаагийн чуулганаар алт хөтөлбөрийг түлхүү хөндөж Монголбанк, Сангийн яам, БОАЖЯ хооронд нэгдсэн уулзалт зохион байгуулна.

“Алт-II” хөтөлбөрийн гол зорилго нь алт олборлолтыг дэмжих, улсын төсвийн хөрөнгөөр талбай ялгаж, сонгон шалгаруулалтын ажлыг зарлахад  ажлууд өрнөнө.

2020 он гэхэд алтны олборлолтыг 25 тоннд хүргэхээр төлөвлөж байгаа. Энэ нь жилд дунджаар 2.2 орчим тонноор нэмэгдэнэ гэсэн ерөнхий төлөв гарсан.

Түүнчлэн эл хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтийн асуудлыг шийдэхэд нь түлхэц үзүүлнэ. Алтны томоохон хүдрийн биет, зооно, зангилаануудыг илрүүлж, алт олборлогчдод санал болгохоос гадна тусгай зөвшөөрлөө авч, үйл ажиллагаагаа явуулах боломжийг хувийн хэвшлийнхэнд бий болгоно.

– Геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулах сонирхол хэр байна вэ?

– Канадын шинэ дэвшилтэт  технологийг Геологи, хайгуулын салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байна.  Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Канадын талаас  геологи хайгуулын ажлыг дэмжих зорилгоор 20 сая ам.долларын дэмжлэг үзүүлж, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөн Канадын хөрөнгө оруулалттай хоёр том төсөл уул уурхайн газрын тосны чиглэлд  хэрэгжиж байгаа юм.

 -Монгол Улсын хэмжээнд Геологи, хайгуулын салбарт хичнээн зөвлөх инженер ажиллаж байна вэ?

-600 орчим мэргэшсэн  зөвлөх инженер ажиллаж байгаагаас 150  нь  геологийн салбарт 450 инженер уул уурхайд ажиллаж буй юм.

Б.Заяа

+ There are no comments

Add yours