Чех Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичиг барив

 Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Наранбат Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земанд 3 дугаар сарын 15-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ барив.

БНЧУ-ын Ерөнхийлөгч Милош Земан Элчин сайд Н.Наранбатыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд Н.Наранбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Милош Земанд уламжлаад, Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа иргэд хоорондын хамтын ажиллагаанд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа байнга өргөжин тэлж, үр ашигтай хэлбэрүүдээр баяжин хөгжсөөр байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч Милош Земан илэрхийлээд Элчин сайд Н.Наранбатад ажлын амжилт хүслээ.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд БНЧУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын гадаад харилцааны газрын дарга Рудольф Индрак, Гадаад хэргийн дэд сайд Лукаш Кауцкий зэрэг албаны хүмүүс байлцав.

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам

+ There are no comments

Add yours