Би ээжтэйгээ л хамт амьдармаар байна. Хэдийгээр би аавдаа хайртай ч ээжийг маань байнга загнаж, архи уух болгондоо зоддог болохоор одоо дургүй болчихсон. Манай ээж аавыг архи уух болгонд уйлж, бас дүү бид хоёрыг буруутгадаг. Ээж хааяа дүү бид хоёрыг төрүүлээгүй бол ааваас салаад сайхан амьдрах байсан гэдэг юм. Тэгэхээр бидний ингэж амьдарч байгаад дүү бид хоёр буруутай…14-хөн настай атлаа насандаа байхгүй хэрсүү яриатай энэ охиныг С гэдэг. Тэрбээр ерөнхий боловсролын 21 дүгээр дунд сургуульд сурдаг байсан. Харин одоо ажил хийж мөнгө олж ээж дүүдээ туслах гээд сургуулиас гарсан, бие жижигхэн болохоор ажилд авахгүй байгаа учраас тор, мэдээ зардаг аж.

С охин ээж дүүгийн хамт сард нэг удаа Хүчирхийлийн эсрэг үндэсний төвд ирдэг гэсэн. Учир нь аав нь архи уухаараа тэднийг гэрээс нь хөөдөг бөгөөд хотод ойрын хамаатан садангүй болохоор уг төвд л ирж амь хоргоддог ажээ. …Гэртээ байнга л түгшиж амьдардаг болохоор энэ төвд ирээд хэд хоног ч гэсэн сэтгэл амар хонох сайхан байдаг. Даанч ээж нь ажил хийхгүй, өөрөө тор, мэдээгээ зарахгүй болохоор ойр зуурын хэрэглээний мөнгөөр тасардаг. Хэдийгээр байнгын хэрүүлтэй байдаг ч гэсэн өөрийн амьдарлаа давтуулахгүйн тулд хамаг бололцоогоо дайчлан байж дүүгээ II ангийг нь төгсүүлэх санаатай байгаа хэмээн ярих энэ охиныг харсан хэн ч туслахыг хичээдэг нь сайхан санагдаж байсан билээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд арван гэр бүлийн дөрөв нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байдаг гэсэн албан бус судалгаа байдаг аж. Харин ямар ч насны хүүхэд гэр бүлдээ тохиолдсон зарим асуудлын талаар бусдад хэлэхийг хүсдэггүй. Мөн хүчирхийллийн харилцаатай эцэг эхийн хэн нь хүүхдэдээ анхаарал тавих сөхөөгүй байдгаас ийм айлуудын хүүхдүүд бусдын нөлөөнд автах, гадуур тэнэх, цаашилбал гэмт хэрэгт хүртэл холбогдох нь их байдаг байна. Харин хүүхдийн дотроо юу бодож, юу хүсч байгааг сэтгэлийн хөдөлгөөний илрэл, нүүр царайны хувирал, үйл хөдлөлөөс нь мэдэж болдог хэмээн хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн ажилтан ярьсан.

Ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн хүүхэд бусад хүүхдээс илүү хүлцэнгүй, бусдын хүсэл сонирхолд нийцүүлэхийг ихэд хичээдэг бөгөөд жожиг, ганцаардмал байдаг аж. Хүчирхийлэлтэй гэр бүлийн хүүхэд, эцэг эхийн хоорондын тэмцлийг болиулахын тулд тэдний дундуур орж, гарт нь өртөж, биеийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг байна. Мөн энэ бүхэнд өөрийгөө буруутгаж, зан ааш нь өөрчлөгдөж, эрүүл мэндээр хохирч зарим тохиолдолд бүр бэлгийн хүчирхийлэлд ч өртдөг байх юм. Ташрамд хэлэхэд хүчирхийлэл үйлдэгч хэн ч байх болно. Магадгүй та өөрөө ч хэн нэгнийг ийм байдалд оруулж байсан юм биш биз… Мөн бусдыг дорд үзэн басамжилж, гутаан доромжилж, биеийн болон сэтгэл санааны дарамт, шаналгаанд оруулж таашаал авдаг хэн ч байсан хүчирхийлэгч болдог юм байна.

Харин Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн гэр бүл дэх дарамтанд өртсөн эхчүүд, хүүхдүүдээс “яагаад” гэж хэзээ ч бүү асуу гэдгийг байнга л хэлдэг юм билээ. Учир нь энэ л асуулт тэднийг буруутгаж байгаа мэт мэдрэмж төрүүлж, ийм байдалд орсондоо шаналж эхэлдэг хэмээж байсан юм. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд хүчирхийллийг зүгээр хараад өнгөрөөх бус харин сэтгэлээ хуваалцаж, бие биедээ итгэх нь чухал байдаг гэж байсан билээ.

Сэтгүүлч С.Саянаа

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.