…Чи муу яагаад байна аа. Наана чинь ядарсан ч гэсэн эр хүн байна шүү…хэмээн заналхийлсэн дуу хойно маань гарав. Эргээд харвал шорооноос ялгарах юмгүй шахам царайтай 30 гаруй насны эрэгтэй дөнгөж нойрноосоо сэрж байх юм. Тэрбээр эгээ л гэртээ байгаа аятай суниаж, эвшээснээ, чи бишээ сая энүүгээр явсан залуу миний хөл рүү өшиглөчихлөө…Яадаг муу п… вэ гэснээ, Чи юуг нь хараад байгаа юм. Эр хүн туг ч барина тугал ч хариулна гэдэг дээ. Яахав ядарсан муу эр хүн гудамжинд унтаа л биз…хэмээн ундууцав.

Та яагаад гудамжинд хонож байгаа юм. Гэр орондоо хонодоггүй юм уу гэхэд орон гэргүй хүн унасан газраа л хонодог юм гэсэн бөгөөд ингэж амьдрах юу нь муухай байгаа юм. Хэнд ч загнуулахгүй, бас хамаг чадлаа шавхаж ажиллахгүй амар шүү дээ. Надад энэ амьдрал муухай санагддаггүй…Хөөе дүү хүү надаар юм яриулъя гэж бодож байгаа бол 10 цаас өгчих. Хоолой хатаад байна…ийнхүү хэлээд горьдсон харцаар ширтэх түүнийг Саруул гэдэг аж. Үс нь сэгсийж, нүүр хүзүү рүү нь шороо хир нь хуйларсан, гарын хуруу нь хэрээний саварнаас онц ялгаагүй түүнийг харсан хэн ч сэжиглэмээр аймшигтай. Хэчнээн сар жилээр архи ууж хөлчүүрхсэн юм бүү мэд…

Дэргэд нь суун “өглөөний цай”-гаа уух залуу түүний найз нь бөгөөд нэг гал болж амьдраад гурав л хонож байгаа гэнэ. Тэрбээр ихэнх тэнүүлчдийн адил “сайхан амьдрах” гэж хотод ирээд траншей, гудамжинд амьдрах эрхээр “шагнагдсан” аж. Харин ажил хийхгүй атлаа архи ууж агсам тавиад айлаасаа хөөгдсөнөө хөдөөнөөс ирсэн болохоор хүн танихгүй байсан юм хэмээн тайлбарласан. Тэдний өглөөний цай нь хэний ч юм хаячихсан муудсан хоолны шавхруу, хуванцар савны ёроолд харагдах цэхэрдүү өнгөтэй шингэн. Идэх бүү хэл харахын ч эцэсгүй гэж хэлж болохоор хоолоо ихэд амтархан идэх тэрбээр, бид ч чонон ходоодтой болчихсон юм. Барагтай бол өвдөнө гэж байхгүй хэмээн сайрхаад амжив.

Нэгэнт сайхан амьдрах гэж хөдөөнөөс ирсэн юм бол ажил хийхгүй яасан юм гэхэд, хүмүүс ярихдаа над шиг хөдөөний хүнд ажил олддоггүй гэх юм билээ. Тэгэхээр нь сүйд болж хайсангүй. Тэгээд ч над шиг амьтныг ажилд авдаг хүн гэж байхгүй биз. Биеэ зовоохгүй, бас дургүй хүрвэл унтаад л өгнө хэн ч ажил хий, бос гэж загнахгүй амар шүү дээ хэмээн хээвнэг өчих түүнээс хүн бүү хэл нохой ч ойртохын аргагүй эвгүй үнэр сэнгэнэх юм. Тэрбээр нэрийг нь асуухад аав ээжээс өгсөн нэр байсан юм аа, гудамжинд гөлөгнөөс дор амьдарч байгаа болохоор тэр нэрийг нь мартахаар шийдсэн гэсэн юм.

Энэ мэтийн жишээг хаа сайгүй, хотоор нэг хэсүүчлэх “хүн хог”-оос харж болно. Тэд яг л үнгэлээд хаячихсан амны цаас шиг хөглөрч, хотын гудамжаар өөрсдийн дураар сэлгүүцдэг. Өөрсдийн арчаагүй, залхуудаа гуйлгачилж байгаагаа заавал хэн нэгэнтэй холбож тайлбарлах гэж зүтгээд зогсохгүй орой үдэш ганц нэгээрээ явж байгаа хүч дутмаг эмэгтэйчүүд рүү дайрч, хүчиндэн, дээрэмдэж, бүр хүн амины гэмт хэрэг үйлдэх нь бий. Харин арчаагүй байдал, аргагүй амьдралаа хэн нэгнийг буруугаас болсон гэж тайлбарлан надад тусласангүй, намайг харсангүй, асарсангүй хэмээн зовлон тоочдог.

Гэтэл яг үнэндээ өнөөдөр юу ч хийх дургүй, бэлэн зэлэн амьдрах гэдэг хамгийн арчаагүй, мунхаг хүмүүс л гудамжинд амьдарч байгааг хэн хүнгүй мэднэ. Нөгөө талаар хийсэн бүтээсэн ажилгүй арчаагүй хүмүүст хэн зүгээр суулаа гэж мөнгө өгөх болж байна. Улсынх нь нийслэлд хаа сайгүй гудамж талбай, хашаа хорооны булан, замын хажуугаар яг л орон гэртээ байгаа аятай тэрийтэл хэвтсэн архичид, гудамжны тэнүүлчид нь хөглөрсөн улс орон манайхаас өөр байдаггүй л байх. Гэтэл энэ байдал нь тэдэнд дахиад л багадаж байгаа бололтой. Тэдэнд нийслэлийн төв гудамжинд нь хэвтэж “амьдрах” нь багадаад төв талбай дээр очих нь дутаад байгаа гэнэ. Ямартаа ч хаа сайгүй хийсэх гялгар уут, хогийн цааснаас ялгаагүй болсон “хүн хог”-ийн сүргийг цэвэрлэх цаг болжээ. Хотын хогийг бүх нийтийг хамарсан цэвэрлэгээ хийлгээд цэвэрлэж болдог. Харин “хүн хог”-ийг яаж цэвэрлэдэг юм бол.

Ажиллах хүч байхгүй, “аргагүйн эрхэнд” гадаадаас /тэр нь голдуу хятадууд байдаг / ажиллах хүчээ татдаг хэмээн сайрхаж байхаар хаа сайгүй тэнүүчлэх эдгээр хүмүүсээр ажил хийлгэж яагаад болдоггүй юм бол гэсэн бодол төрнө. Нөгөө талаар нэгэн компанийн захирал, манай монголчууд их сонин. Ажил хийхээс илүү илүү дутуу юу байгааг андахгүй. За тэгээд л ямар нэг боломж л гарвал ил далд гэр рүүгээ зөөчихдөг болохоор монголчуудыг ажиллуулах хэцүү, амаргүй байдаг гэж ярьж байсан. Бас боддог л үг. Нээрээ ч хийж гавихгүй атлаа, хөрөнгийг нь бага гэлгүй зөөгөөд байвал тэр газар яах болж байна. Магадгүй энэ нь манайхны залхуу зан, амиа хичээсэн арчаагүй бодолтой нь холбоотой юм шигээ. Ямартаа ч хотоор дүүрэн хаа сайгүй хөглөрөх “хүн хог”-ийг цэгцэлж, тэдний өргөн фронтыг тэлэхгүй байлгах талаар дорвитой арга хэмжээ авах цаг аль хэдийнээ болсныг холбогдох газрууд анхааралдаа авах цаг болжээ.

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.