ОХИДОО ХАМГААЛЬЯ…

ОХИДОО ХАМГААЛЬЯ…

Би ээжтэйгээ л хамт амьдармаар байна. Хэдийгээр би аавдаа хайртай ч ээжийг маань байнга загнаж, архи уух болгондоо зоддог болохоор одоо дургүй болчихсон. Манай ээж аавыг архи уух болгонд уйлж, бас дүү бид хоёрыг буруутгадаг. Ээж хааяа дүү бид хоёрыг төрүүлээгүй бол ааваас салаад сайхан амьдрах байсан гэдэг юм. Тэгэхлээр бидний ингэж амьдарч байгаад дүү бид хоёр буруутай…14-хөн настай атлаа насандаа байхгүй хэрсүү охиныг С гэдэг.

Тэрбээр “Мөрөөдөл” сэдвээр бичсэн зохион бичлэгтээ ийнхүү бичсэн байв. С ерөнхий боловсролын 21 дүгээр дунд сургуульд сурдаг байсан ч ар гэрийн гачигдлаар сургуулиасаа гарч, ажил хийдэг. Ээж, дүүгийн хамт сард нэг удаа гэрээсээ явж, хамгааллын төвд хоноглож, зөвлөгөө авна. Түүний аав нь архины хамааралтай. Тиймээс арх уусан үедээ эхнэр хүүхдээ гэрээс нь хөөнө. Явахгүй бол гэмтээхээс буцахгүй. Хэд хэдэнтээ бэртсэн ээж нь хүүхдүүдээ аван хамгааллын төвд явдаг болссон аж.

Бусдыг дорд үзэн басамжилж, гутаан доромжилж, биеийн болон сэтгэл санааны дарамт, шаналгаанд оруулж таашаал авдаг хэн ч байсан хүчирхийлэгч. Нийслэлийн хэмжээнд арван гэр бүлийн дөрөв нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байдаг гэсэн албан бус судалгаа байх. Гэр бүлийн хүчирхийллийн талаар тэр бүр хүүхдүүд бусдад хэлэхийг хүсдэггүй, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирогсод тэр бүр холбогдох байгууллагад ханддагүйгээс энэ төрлийн гэмт хэрэг нууц далд байдалд үйлдэгдэх нь их. Хүний амь нас, эрүүл мэнд хохирсоны дараа холбогдох байгууллагад мэдэгдэж, арга хэмжээ авагддаг… гэвч хохирогчийн хохирол \сэтгэл санаа, бие махбодид үзүүлсэн хохирол\ насан туршид нь үлдэх нь их.

Хүчирхийллийн харилцаатай эцэг эхийн хэн нь ч хүүхэддээ анхаарал тавих сөхөөгүй байдгаас ийм айлуудын хүүхдүүд бусдын нөлөөнд автах, гадуур тэнэх, цаашилбал гэмт хэрэгт хүртэл холбогдох их. Хүүхэд сэтгэлдээ дотроо юу бодож, юу хүсч байгааг сэтгэлийн хөдөлгөөний илрэл, нүүр царайны хувирал, үйл хөдлөлөөс нь мэдэж болдог талаар энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын мэргэжилтэн өгүүлсэн.

Ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн хүүхэд бусад хүүхдээс илүү хүлцэнгүй, бусдын хүсэл сонирхолд нийцүүлэхийг ихэд хичээдэг,  жожиг, ганцаардмал байдлаараа ялгардаг гэнэ. Хүчирхийлэлтэй гэр бүлийн хүүхэд, эцэг эхийн хоорондын тэмцлийг болиулахын тулд тэдний дундуур орж, гарт нь өртөж, биеийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг байна. Мөн энэ бүхэнд өөрийгөө буруутгаж, зан ааш нь өөрчлөгдөж, эрүүл мэндээр хохирдог байх юм.

Сүүлийн үед хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд ч өртөх нь нэмэгдсэн байна. Дөнгөж наймхан настай охин аль хэдийнэ бэлгийн амьдралд орчихсон, тэр бүү хэл жирэмсэлсэн байх нь энгийн үзэгдэл болох дөхөөд байгаа талаар холбогдох хүмүүс харамсан өгүүлж байсан. Ээжийгээ дарамтыг нэмэгдүүлэхгүй гэсэндээ хойд эцгийнхээ гарын шүүсийг хангаад зогсохгүй охин насаа алдаж, насандаа мартахгүй гунигийг арай хийн үүрч яваа охид цөөнгүй. Хамаатны ах, ахынхаа найз, бүр байгаад ангийнхаа хөвгүүдэд хүчирхийлүүлсэн охид ч нэмэгдэх болж. Хамгийн гол нь хүчирхийллийн золиос болсон охид хэнд хандахаа мэдэхгүй байдгаас хүчирхийлэгчдийн үйлдлийг давруулдаг байх юм. Ийм жишээ орон нутагт маш их. Учир нь малаа хариулж явсан охиныг, гэртээ унтаж байсан бүсгүйг таньж мэдэхгүй явуулын хүмүүс, алдуул малын эрэлчид дээрэлхэн зовоож хүчирхийлэх нь их байдаг гэнэ.

Гэтэл ийм хэрэг тухайн орон нутгийн цагдаагийн ажилтнуудад бараг мэдэгддэггүй. Учир нь хүн ам цөөхөн суурьшсан, мөн хэт хуучинсаг үзэл өнөө хэр арилаагүй байдгаас хүчирхийлүүлсэн бүсгүйн нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг байх юм. Өөрөөр хэлбэл хүчингийн хэрэг олонд ил болох нь хүчирхийлэгчийг шийтгэхээс илүү хүчинд авсан бүсгүйн нэр хүндэд сөргөөр ханддагаас энэ төрлийн гэмт хэргийн тухай мэдээлэл орон нутгийн цагдаагийн ажилтанд бага ирдэг байх юм. Тиймээс энэ чиглэлд анхаарлаа хандуулж ажиллах нь хүний эрхийн хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн болон төрийн бус байгууллагын нэн тулгамдсан асуудал болоод буйг онцолж байна.

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

 

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.