Намаас үл хамааран бодлогоор нэгдэх цаг нь ирсэн гэв

 УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилгаар “Шинэ төрийн сэргэн мандахуй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Шинэ төр, шинэ Үндсэн хуулийн үзэл санаа”, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Шинэ төрийн эдийн засгийн асуудлууд”, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баатар “Төрийн гадаад бодлогын талаарх үзэл санаа, зарчмууд” гэсэн сэдвээр тус тус илтгэл тавьсан. Өөрөөр хэлбэл шинэ төрийг бүрэлдүүлэхэд улс төр, эдийн засаг, гадаад бодлогын хувьд ямар гарц байгааг эрэлхийлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ үеэр хэлэхдээ “Тус хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болж буйгаараа онцлогтой. Манай иргэд хэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх гэж байгаад илүүтэй анхаарч байна. Үүний оронд хэн оновчтой бодлоготойг нь сонгох ёстой юм. Шинэ төртэй байя, шинэ намтай байя, шинэ хүмүүсийг улс төрд оруулж ирье гэх үүднээс хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Намаас үл хамааран улс орныхоо эрх ашгийг бодолцож, бодлогоор нэгдэх цаг нь иржээ. Үүний тулд бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулаад байна” гэлээ.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хэлэлцүүлэгт биечлэн ирээгүй. Тэрбээр дүрсээр өөрийн илтгэлийг явуулсан бөгөөд илтгэлдээ, “Монголын эдийн засгийг авч үзвэл 2006 оноос хойш тогтворгүй төлөвт шилжсэн. Улмаар 2008-2009 оны хямралтай залгасан. Хямрал ужгарсаар 10-д жилийг давлаа. Уул уурхайн салбар өдгөө Монголын эдийн засагт гол нөлөөтэй болоод экспортын 80 гаруй хувийг эзэлж байна. Уул уурхай Монголыг авч явна гэсэн номлол хүчтэй бол эдийн засгийн алуурчдын номлол. Уг салбар нь олон улсад их тогтворгүй. Үнэ олон жилийн дунджаас гэнэт өснө, эсвэл унадаг. Мөн барилгын салбарт гол хөрөнгө оруулалтаа хийснээр эдийн засгийн “цус” царцсан. Үүний зэрэгцээ бид хэрэглээний эдийн засаг руу шилжснийг тухайн үеийн эрх баригчид төсөв тэлэх бодлого гэсэн гоё тайлбар өгсөн байдаг.

2006 онд бид түүхэндээ анх удаа 170 сая ам.долларын ашигтай гадаад худалдааны тэнцэлтэй гараад явж байтал 2011, 2012, 2013 он буюу гурван жилийн дотор 6 тэрбум ам.долларын алдагдалтай худалдаа хийгээд идчихсэн. Ингээд өрөнд орж, эдийн засаг уналтад орсон. Ер нь бол Монголын эдийн засаг под хийсэн чадвартай эдийн засаг. Өөрөөр хэлбэл, жил тутам 7 хувийн цэвэр өсөлт үзүүлэх чадвартай. Энэхүү өсөлтийг дэмжихийн оронд эдийн засгаа улстөрийн барьцаанд оруулж хувааж идэж байна.

Иймээс бид хямралаас гарахын тулд дотроо түүхий эдээ боловсруулдаг болох хэрэгтэй. МАА-н бүтээгдэхүүн арьс шир, ноос гээд боловсруулж болох бүхий л үйлдвэрүүдээ дэмжих ёстой. Түүнчлэн эдийн засгийн бодлогоо өөрчлөх нь зүйтэй. Банк санхүүгийн бодлогоо өөрчлөн, татварыг шатлалтай болгож, том аж ахуй нэгжүүдийн татварыг нэмж банкны системээ өөрчлөхгүй бол байдал дээрдэхгүй. Эдгээрийг хийж чадвал манай улсын эдийн засаг амархан сэргэнэ” гэсэн юм.

Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун, “Эдийн засаг хүнд байна. Үүнээс гарах гарцаа хайх ёстой. Үүний тулд бид хоёр хөрштэй харилцах харилцааг ямар түвшинд байгааг илүү тодотгох нь зүйтэй. Тэр дундаа ОХУ-тай харилцах харилцаагаа илүү тодотго. Ирээдүйд хийх ажлаасаа илүүтэй өмнө нь шийдсэн асуудлуудаа нэг тийш нь болгож шийдэх хэрэгтэй. Би 2000 онд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллахдаа ОХУ-тай харилцах харилцаагаа өөд нь татья гэсэн зорилт тавьсан. Ингэснээр хоёр орны хоорондын харилцаанд эрс өөрчлөлт гарч, 17 тэрбум ам.долларын өрийн 98 хувийг тэглэж байлаа. Энэ бол түүхэн чухал алхам болсон. Ер нь гадаад бодлого гэдэг тууштай, өөдөө явж байх ёстой. Үүний зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогоо ч орхигдуулалгүй авч явах нь зүй юм” гэв. Дараа нь оролцогчид илтгэгчдээс асуулт асуун, хариулт авснаар нээлттэй хэлэлцүүлэг өндөрлөлөө.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ

+ There are no comments

Add yours