Турк улс Нидерландтай дипломат шугамаар тогтоосон бүх холбоо харилцаагаа зогсоолоо гэж Туркийн Шадар сайд Нуман Куртулмуш мэдэгдлээ.

Тэрбээр мөн “цагаачлалын асуудлаар Европын Холбоотой байгуулсан хэлэлцээрээ дахин хянаж үзэж магадгүй” гэсэн байна.

“Тэд бидэнд хэрхэн хандаж байна, бид мөн адил хандана. Нидерландын дипломатуудыг суулгасан онгоцуудыг Турк улсад буулгахгүй, манай  улсын агаарын орон зайг ашиглахыг зөвшөөрөхгүй” гэж Туркийн Шадар сайд мэдэгджээ.

Сануулан дурдахад, Нидерландын эрх баригчид Туркийн хоёр сайдыг өөрийн улсын нутаг дэвсгэрт нэвтрэхийг зөвшөөрөөгүй билээ. Нидерландын тал Туркийн Гадаад хэргийн сайд М.Чавушоглуг нутагтаа нэвтрүүлээгүй бол тус улсын Гэр бүл, нийгмийн бодлогын сайд Фатима Бетюль Саям Кайя-г тусгай хамгаалалтын дор Германы хилд хүргэсэн байна.

Туркийн сайд нар Нидерландад амьдарч буй өөрийн орны иргэдтэй уулзаж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөх тухай нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахыг дэмжихийг уриалах гэж байжээ. Энэ асуудлаарх олон нийтийн санал асуулгыг 4 дүгээр сарын 16-нд явуулахаар товлосон байна.

Өмнө нь Австри, Герман, Швейцарийн эрх баригчид Нидерландын адилаар Туркийн албаны хүмүүсийг өөрийн нутагт үг хэлэхийг хориглосон бөгөөд үүнийгээ аюулгүй байдлын асуудалтай холбон тайлбарлажээ.

Үүнтэй холбогдуулан Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган хэлэхдээ“ Нацизм устсан гэж би бодож байсан, гэтэл барууны орнуудад өнөөг хүртэл нацизм оршин тогтносоор байгаа юм байна” гэсэн юм.

Германы Канцлер А.Меркель түүний хэлснийг “байж болшгүй үг хэллэг” гэж дүгнээд, Нидерланд улсыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Дани улсын Ерөнхий сайд Ларс Лёкке Расмуссен Туркийн Ерөнхий сайдтай хийхээр төлөвлөсөн уулзалтаа цуцалсан гэдгээ мэдэгдээд “ардчилсан зарчмууд Турк улсад маш их дарамт шахалтад оржээ” гэв.

MONTSAME

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.