ОРЧИН ЦАГИЙН “ҮР МОГОЙ”

… Биеийг нь төрүүлэхээс санааг нь төрүүлдэггүй гэдэг ямар үнэн үг вэ. Арван сар тээж, айлын хүүхдээс дутуугүй өсгөхсөн гэхдээ өдөр шөнөгүй хөх зүү шагайж хүүхдүүдээ өсгөсөн. Харин насны эцэст төрсөн хүүхдүүддээ ад үзэгдэн, айлын хашааны мухар сахиж үлдэнэ чинээ санасангүй хэмээн уйлах эмээг Л.Сономжид гэдэг. Тэрбээр өдгөө 78 настай, зүрх, цөсний өвчтэй. Сэтгэл санааны дарамт, байнгын зодуур нүдүүрээс болж биеийн нь доод хэсгээр мэдээгүй болсон аж. Хатуу сэтгэлтэй, харалган бодолтой хүүхдүүдээсээ болж хорвоогийн хамаг л муу бүхнийг ханатлаа амсан яваа тэрбээр хүүхдүүдийнхээ талаар ярихдаа ам нь өмөлзөн, нулимс нь сул асгарах нь өрөвдмөөр…

Насаараа артелд оёдолчин, эсгүүрчин хийсэн түүний нөхөр Хүүхэлдэйн театрт зураач, тайз засалч Дамдинсүрэн гэдэг хүн байжээ. Тэрбээр, Би найман хүүхэд төрүүлснээс нэг нь эндсэн. Хамгийн том хүү маань Д.Энхбат компанийн захирал хийдэг. Намайг хамгийн их “асардаг” хүү маань байгаа юм гээд жилд нэг удаа ээжийгээ гэртээ аваачдаг болохоор хүүдээ гомдох эрхгүй хэмээсэн. Харин хүүгийнхээ хаана ажилладагийг мэдэхгүй гэж байлаа. Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур болсон бага охин Д.Энхжаргал нь Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад гуталчин хийдэг бөгөөд нөхөр Ганхавхтайгаа нийлж настай эхээ хэвтэрт ортол нь “гөвчихөөд” байрыг нь булаагаад гудамжинд гаргачихсан хатуу сэтгэлтэй нэгэн аж. Л.Сономжид эмээ хүргэн Ганхавхыг хүн гэхээсээ чоно гэвэл зохих залуу байдаг хэмээн тодорхойлсон. Арван сар тээж, ангир уургаа хөхүүлж өсгөчихөөд адаг сүүлд нь гудамжинд зодоод хөөгөөд гаргачихсан хүүхдүүдээ гомдохын дээдээр гомдсон эхийн нулимс энгэрээ дэвттэл сул асгарах нь даанч харамсмаар…

Бага юм, охин юм гэж эрхлүүлсээр байгаад үг хэлэлгүй өсгөсөн түүнийг орох оронгүй, траншейнд өссөн Ганххавх гэдэг залуутай айл гэр болоход нь хориглож дийлээгүй гэсэн. Л.Сономжид Хүн үр хүүхэддээ гомдож, арга тасрах үе ирдэг юм байна. Ямар буян заяа нь хаячихаараа насныхаа эцэст үр хүүхэддээ гологдож, зодуулж явах болсноо бодоод ч олдоггүй юм. /уйлав/ Миний хүүхдүүд жаахан байхдаа бүгд л хөөрхөн, ээж, ээж гээд л дагаад л гүйдэг байлаа. Харин насанд хүрээд, би өтлөхөөр ад үзээд гудамжинд гаргачихдаг юм байна. Насныхаа эцэст бага охин болон нөхөрийнх нь гарт үхэхгүй юмсэн гэсэндээ гэр барьж таньдаг айлынхаа хашаанд буусан боловч бөгсөн бие маань мэдээгүй болохоор хөдөлж чадахгүй, ус түлээ гээд л хэцүү л байна. Ядаж байхад бага хүү Отгон маань архи уучихаад мөнгө нэхэж зодоод …. гэсээр мэгшин уйлсан.

Жижигхэн буурайд дэндүү томдсон ачаа үүрч байгаадаа гомдсон түүнийг сул асгарах нулимсаа барьж дийлэхгүй уйлахыг харахад элэг эмтрэхгүй байхын аргагүй. Хэрүүлийн алим болж, хөөрхий эхийг гудамжинд гаргаад байгаа байр нөхөр тэр хоёрын хамтын өмч бөгөөд Сүхбаатар дүүрэгт байдаг аж. Хуучин 50 дугаар дэлгүүрийн урд байрладаг 32 дугаар байрны гурван өрөө аж. Тэрбээр бага охиноо булаалцалдаад зодоод байхаар ахад нь хэлээд хэдэн мал аваад Гачууртад амьдарсан ч хоёр хөл нь мэдээгүй болодоо хотод ирэхэд байрыг нь аль хэдийнхээ охин нь өөрийн болгоод зогсохгүй, харанхуй шөнөөр төрсөн эхээ хөөгөөд явуудлчихсан гэнэ. Аргаа барсан эх айлын хашаанд гэр барьж амьдрах болсон ч бага хүү Отгон нь архи уучихаад мөнгө нэхэж зодох болсон гэнэ. Дэндүү уужим хордоод даанч ихээр зовж яваа энэ бууралд согтуу хүргэн нь чи энд хоргодох эрхгүй, зайл. Тэгээд ч танай охин одоо миний өмч болсон. Байр чинь ч ялгаагүй минийх болсон гэж зоддог болсон аж. Аргаа барсан эх хороон даргатайгаа уулзаж тусламж эртэл, танай хүргэн, хүүхэн хоёр чинь дандаа л зодолдож архи ууж байдаг. Бараг манай хороонд байгаад хэрэггүй хүмүүс. Нөгөө талаар нэгэнт таны байр л юм чинь одоо шүүхээр яваад хөөцөлдөөд үз гэж зөвлөж. Харин шүүхэд очсон эмээд энэ байр аль хэдийнээ таны өмч байхаа больсон байна гэсэн хариулт өгчээ.

Л.Сономжид, Энэ хорвоод үнэн гэж байна уу. Ядарсан намайг хуулийн байгууллагаар явахаар иргэний шүүх дээр оч гэдэг. Иргэний шүүхэд очихоор залилангийн хэрэг учир цагдаад ханд гэдэг. Тэгээд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч Ундрах гэдэг хүнтэй уулзсан ч “гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй учир, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байна” гэсэн. Ингээд насныхаа эцэст гудамжинд гарлаа. Доод бие маань мэдээгүй болоод удаж байна. 78 нас гэдэг бага зүйл биш. Нэг л өдөр унаад өгөхийн цагт оршуулгандаа хэрэглэх гээд 400 мянган төгрөг банкинд хадгалуулсан. Гэтэл сүүлийн үед мөнгө хадгалсныг мэдсэн хүүхдүүд заналхийлж, зодох гээд байдаг боллоо хэмээн санаа алдахад хэлэх үг ч олдсонгүй…

2008 он

+ There are no comments

Add yours