Тарьсан хогоо иргэд өөрсдөө цэвэрлэж, урамшуулал хүртэнэ

Нийслэлийн хэмжээнд 50 байршилд 145.3 км урттай үерийн хамгаалалтын барилга байгууламж байгаагаас 13 нь шар усны үерт автаж болзошгүй байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр сэрэмжлүүлсэн юм.

Тэрээр ярихдаа,“Шар усны үерийн эрсдлийн байдлыг гэр хорооллын айлууд зохиомлоор бий болгож байна. Иргэд ахуйн хог хаягдал, үнс нурмаа шөнө оройн цагаар үерийн далан, суваг руу асгадаг. Энэ нь үерийн усны нэвтрэх чадварыг бууруулж халиа үүсгэж ойр орчмын айлуудыг үерт автуулах эрсдэлд оруулж байна. Тиймээс дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн  иргэдийн бүлэг байгуулж,  бий болгосон хог хаягдлыг өөрсдийнх нь хүчийг ашиглан цэвэрлүүлэх урамшуулалт ажлыг зохион байгуулна” гэв.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үерийн усны аюултай бүсэд суурьшсан 2500 орчим айл өрх бий. Үүнээс 1700 орчим нь ямар ч зөвшөөрөлгүй байна.

Дашрамд дурдахад Улаанбаатар хотод булаг, хөрсний усаар дүүрч халиа дошин үүсгэдэг таван байгууламж, ус зайлуулах системийн хэвийн үйл ажиллагааг хангахад 13 байршилд 4702 мкв далан суваг, шугам сүлжээг засварлаж, нөхөн сэргээх, дөрвөн байршилд 3480 м үерийн далан сувгийг шинэчлэн засварлах шаардлагатай байгаа ажээ.

эх сурвалж: Монцамэ

+ There are no comments

Add yours