Ардчилсан намын гишүүд дотоод сонгуулийг хойшлуулахыг шаардлаа

Ардчилсан намын гишүүд дотоод сонгуулийг хойшлуулахыг шаардлаа

 Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшигчдээсээ их хэмжээний дэнчин шаардах болсныг эсэргүүцэн намын гишүүд өнөөдөр хэвлэлийнхэнд хандсан юм.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл ярихдаа, “АН-ын дотоод сонгуульд гарч байгаа хэд, хэдэн зарчмын маргаан байна. АН-ын Зургадугаар их хурлаар батлагдсан шинэчилсэн хөтөлбөрийн гол агуулга нь намын үйл ажиллагааг нээлттэй болгох байсан. Гэтэл Дотоод сонгууль намын гишүүддээ хүртэл хаалттай явж байгаа нь шинэчилсэн хөтөлбөрийн үзэл санаанаас хазайлаа. Шинээр батлагдсан дүрмүүд одоо хүртэл намын гишүүдэд нээлттэй болоогүй. Дээд шүүхэд  бүртгүүлээгүй учраас гишүүдэд танилцуулахгүй байна гэх таамаглалтай сууна. Дүрэм нь бүртгүүлээгүй байхад сонгуулийн үр дүнг намын гишүүдээс гадна бусад улс төрийн намууд хүлээн зөвшөөрөхгүй байх эрсдэлтэй. Иймээс бид АН-ын дотоод сонгуулийг хойшлуулахыг хүсч байна. Үүнээс гадна Дотоод сонгуулийн хороо эрх мэдлээ давуулан ашиглаж нэр дэвшигчдээс их хэмжээний хураамж шаарджээ. Дотоод сонгуулийн хороо нь нийт сонгуульд өрсөлдөх гишүүдийн тоо гарсны дараа сонгуулийн зардлыг тооцож, төсөв хуваарилуулдаг гүйцэтгэх байгууллага юм. Гэтэл энэ хороо бүртгэл явж дуусаагүй байхад шинээр татвар гарган, дансандаа мөнгийг нь хурааж байна. Намын дүрмээр бол гишүүдээс авах аливаа татварыг зөвхөн Үндэсний бодлогын хороо тогтоох ёстой. Гэтэл өнөөдөр АН-ын дотоод сонгуульд оролцохын тулд төв намдаа их хэмжээний дэнчин төлөхөөс гадна Дотоод сонгуулийн хороонд хураамж өгөхийг гишүүдээс шаардаж байна. Өмнө нь АН-ын үндэсний зөвлөлдөх хороонд өрсөлдөхөд нэг сая төгрөгийн дэнчин төлөөд, өөр хураамж төлөлгүй нэр дэвшиж болдог байсан. Гэтэл өнөөдөр гурван сая төгрөгийн дэнчин төлөөд, дээрээс нь Дотоод сонгуулийн хороонд гурван сая төгрөг төлдөг болсон. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшихэд дэнчин хураамж авдаггүй байсан бол одоо 90 сая төгрөгийн дэнчин шаардаж байгаа аж. Эдгээр шаардлагууд нь АН-ын албан тушаалыг үнэлгээжүүлсэн, МАН-ын хэрэгжүүлж буй 60 тэрбумын схемийг АН-д гоц халдварт өвчин мэт нааж  буруу жишиг тогтоолоо гэж үзэж байна. Сөрөг хүчин АН, эрх баригч хүчнийхээ бурууг шүүмжлэх ёстой атал дуурайж болохгүй” гэв.

Харин АН-ын гишүүн Э.Бямбацэрэн ярихдаа, “Дүрэм хэрэгжиж эхлээгүй байхад Дотоод сонгуулийн хороо өөрөө дүрэм гарган их хэмжээний татвар, хураамж тавьж байгаа нь олон гишүүдийн сонгуульд өрсөлдөх боломжийг хааж байна. Хураамжийн хэмжээг нэр дэвшиж буй хүний тоон дээр үндэслэн зардлыг тооцон гаргах ёстой. Гэтэл Нийслэлийн намын даргын сонгуульд хоёр хүн нэр дэвшиж байхад нэг хүнээс 90 сая төгрөгийн хураамж авах гэнэ. Сонгуулийн зардал хамгийн ихдээ 30 сая болно. Үлдсэн мөнгө хаашаа орох нь тодорхойгүй. Үүнээс үүдээд шилэн данстай болохыг бид шаардаж байна” хэмээн мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.