“1111” төвийг сэргээн байгуулжээ

Шинэчлэлийн Засгийн газрын үед ажиллуулж байсан иргэдийн санал хүсэлтийг сонсох “1111” төвийг сэргээн байгуулсан хэмээн АН-ын гишүүд өнөөдөр мэдээллээ.

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн М.Хүдэрбаатар “Үндэсний мэдээллийн төв”-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Намайг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байх үед иргэдийн саналыг хүлээн авч, 14 хоногийн дотор шийдвэрлэдэг байсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан Засгийн газар 1111 төвийн хаягийг буулгаж, үйл ажиллагаа нь сааруулсан нь ухралт болсон” хэмээжээ.

Уг төв эхний ээлжинд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг шалгуулах, хувьчлах талаарх ард түмний саналыг 09-11 цагийн хооронд 7712-1111 дугаарын утсаар хүлээж авах юм байна.

Мөн Монголын өмгөөлөгчдийн байран дахь оффистоо иргэдийг хүлээж авч уулзаж эхэлжээ.

Тус төв “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувьтай холбоотой асуудлаас гадна нийтийн эрх ашиг хөндсөн зарим тулгамдсан асуудлаарх иргэдийн санал хүсэлтийг хүлээж авахаар болсон байна.

эх сурвалж: МОНЦАМЭ

+ There are no comments

Add yours