Ирэх сараас стандарт хангасан зуух худалдаална

 “Нарантуул”, “Хархорин” зэрэг томоохон худалдааны төвүүд ирэх сарын нэгнээс шинэ стандартыг хангасан гэрийн зуухыг худалдаална.

Энэ оны  нэгдүгээр сарын 10-нд ҮАБЗ хуралдаж нийслэлийн агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрснийг тодотгоод аймаг, нийслэлийн ИТХ-д чиглэл өгч, цаашид хэрэгжүүлэх болон ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг бэлтгэх үүрэг өгсөн. Үүний дагуу Агаарын бохирдлыг бууруулах газраас хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллаж байгаа бөгөөд дээрх худалдааны төвүүдээр стандартын шаардлага хангасан гэрийн зуух худалдаалах албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн гэрийн болон, том оврын зуухыг үйлдвэрлэдэг иргэн, аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсийн 50 цэцэрлэгт дотоод агаарын чанарыг сайжруулах 200 төхөөрөмж суурилуулсан бөгөөд уг төсөл Дэлхийн банкны санхүүжилтээр үргэлжлэх юм.  Түүнчлэн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 4 бүсэд мэргэжлийн хяналтын  269 байцаагч ажиллаж, одоогийн байдлаар 1316 иргэн, аж ахуйн нэгжид шалгалт хийн 1034 мэдэгдэх хуудас тараан 3 сая төгрөгийн торгууль тавьжээ.

МОНЦАМЭ

+ There are no comments

Add yours