НИТХ дахь АН-ын бүлгээс Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд шалгалт хийхээр боллоо

 НИТХ дахь АН-ын бүлэг өнөөдөр нээлттэй хуралдаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоо болон ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуулийн маргааны талаар талаар хэлэлцжээ.

Хуралдаанд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, хуульч Д.Нэргүй оролцож танилцуулга хийсэн. Тэрбээр, “Дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль 2016 оны аравдугаар сарын 19-нд болсон. Сонгуулийн дүнд АН 22, МАН 19 суудал авсан юм. Гэтэл дүүргийн Сонгуулийн хороо тухайн сарын 24-нд хуралдаад АН-ын зургаан төлөөлөгчийг хууль зөрчсөн хэмээн үзэж, нэрсийн жагсаалтаас хассан. 2016 онд өөрчлөлт оруулсан Сонгуулийн тухай хуульд “Нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн бол цагдаагийн байгууллагаар шалгаж, шүүхээс эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл энэ заалтыг огт хэрэгжүүлэхгүйгээр дүүргийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийг жагсаалтаас хассан тул нэр дэвшигчид Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан юм. Захиргааны хэргийн анхан, дунд, хяналтын шатны шүүх 41 удаа хуралдаж, “Дүүргийн Сонгуулийн хороо эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хууль зөрчсөн байна. Тиймээс АН-аас нэр дэвшсэн хүмүүсийг ИТХ-ын төлөөлөгчийн жагсаалтад оруулахыг дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай” гэсэн шийдвэр гаргасан юм. Гэвч дүүргийн Сонгуулийн хороо шүүхийн шийдвэрийг огт хэрэгжүүлэхгүй байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн ИТХ-д сонгогдсон МАН-ын 19 төлөөлөгч нь АН-ын 22 төлөөлөгчийг оролцуулахгүйгээр бие даан хуралдаж, Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилох санал гаргасныг НЗД батламжилсан. Уг шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлсэн” гэв.

Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга, Ц.Одонтунгалаг нар дүүргийн Сонгуулийн хорооны шийдвэр болон Засаг даргын томилгооны асуудлаар НИТХ дахь АН-ын бүлгээс ажлын хэсэг гаргаж шалгах хэрэгтэй гэсэн санал гаргасныг төлөөлөгчдийн олонх дэмжив. Мөн Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, “Шүүхийн шийдвэрийг үл тоож байгаа нь Засгийн эрхийг хүчээр авах гэсэн оролдлого юм. Тиймээс уг асуудлыг Тагнуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй” гэлээ.

+ There are no comments

Add yours