Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянзүрх дүүрэгт үүсээд буй асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өглөө.

Тэрээр “Өнгөрсөн аравдугаар сард болсон аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулиар нийслэлийн есөн дүүргийн найман дүүрэгт нь сонгууль амжилттай явагдаж, Засаг дарга нарыг нь батламжилсан. Есөн дүүргээс долоод нь МАН-аас нэр дэвшсэн төлөөлөгчид олонх болсон, хоёрт АН олонх болсон. Харин Баянзүрх дүүргийн 41 тойргийн 35 тойрогт нь сонгууль маргаангүй явагдсан бол зургаан тойрогт маргаан үүссэн.

Дээрх суудалд нэр дэвшигчдийн талаарх шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл би хүлээцтэй хандсан. Таван сарын хугацаанд хүлээсэн. Дүүргийн ИТХ асуудлаа шийдэх ёстой гэж хүлээсэн. Саяхан хоёрдугаар сарын 23-ны өдөр дүүргийн сонгуулийн хорооноос зургаан тойрогт дахин сонгууль явуулах ёстой гэсэн шийдвэр гарсан. Тиймээс олонх нь болох 35 төлөөлөгчийн саналыг харгалзан гаргасан ИТХ-ын шийдвэрийг үндэслэн Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг даргаар батламжилсан. Миний гаргасан захирамж хууль зүйн үндэслэлтэй, үүнийгээ би хаана ч хамгаална.

Харин өнөө өглөө нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон захирамжийн үйлчлэлийг түдгэлзүүлж байна” гэсэн. Шүүх шийдвэрээ гаргасан учраас миний гаргасан захирамжийн үйлчлэл түдгэлзэж байна. Би шийдвэрээ хууль зүйн үндэстэй гаргасан. Өөрийн шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг шүүхийн өмнө нотолж, тайлбарлах болно.

Гэхдээ би Монгол Улсын шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Нийслэлийн засаг даргын хувьд хуулийн дагуу захирамж гаргасан бөгөөд улс төржсөн шийдвэр гаргаагүй“ гэв.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.