Д.Мөнх-Эрдэнэ“Д.Пүрэвдаваа иргэдийг улстөрийн үйл ажиллагаанд өдөөн турхирч байна”

Баянзүрх дүүргийн үйл ажиллагаа алдагдаж, эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдуулан дөнгөж сая Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга У.Ганболд, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Тамгын газрын дарга М.Отгонбаяр, нийслэлийн ЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга Б.Даваажаргал нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэдний хэлснээр Баянзүрх дүүрэгт сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнөөс үүдэн 6 нэр дэвшигч төлөөлөгчийн үнэмлэхээ аваагүй, 6 тойрогт дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүсээд байгаа ажээ. Тодруулбал БЗД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 41 хүний суудалтай бөгөөд 6 нэр дэвшигч бэлэн мөнгө тараасан асуудал шүүхийн шатанд байгаа аж. Өнөөдрийн байдлаар МАН 19, АН 16 хүний суудал авсан гэх мэдээллийг тэд өгсөн. Харин АН-ын зүгээс орон нутгийн сонгуульд 22 суудал авсан гэх маргаан үүсгэжээ.

Өнөө хэр нь үнэмлэхээ аваагүй байгаа 6 нэр дэвшигчийн асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байгаа учир 35 нэр дэвшигч анхдугаар хуралдаанаа хийж Засаг даргад Э.Бат-Амгаланг томилуулахаар санал хүргүүлээд байжээ. Гэвч шүүхийн асуудал нэг тийш болтол Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжлалгүй хүлээж байгаад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр МАН-ын талд гарч дахин сонгууль явуулах нь тодорхой болсны дараа шинэ даргыг томилох асуудлыг Хотын дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлсэн талаар түүний зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэллээ.

Тэрбээр “Иргэдийг өдөөн турхирч, улстөрийн үйл ажиллагаанд ашиглаж байгаад харамсч байна. Өчигдрийг хүртэл БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдаваа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг мэдэж байгаа хэрнээ хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Төлөөлөгчийн үнэмлэхээ аваагүй хүмүүсийн асуудал БЗД-ийн эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцэгдэж хууль зөрчсөн болохыг тогтоосноос 5 хүний асуудал давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн. Дахин давж заалдах гомдол гаргах хуулийн хугацаа нь хэтэрсэн” гэх тайлбарыг хийсэн юм.

Харин АН-ынхан түр үнэмлэхээ гардан аваагүй 6 нэр дэвшигчээ оролцуулан 22-уулаа хуралдаж БЗД-ийн Засаг даргаар Д.Пүрэвдавааг томилуулахаар хандсан байна.

+ There are no comments

Add yours